
Япон улсад ууланд авирахаар явсан Хонконгийн хоёр аялагчийн нэг нь цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас амиа алджээ.
Хонконгийн иргэд болох 30, 22 настай хоёр аялагч Японы гурав дахь хамгийн өндөр оргил болох Окухотака ууланд авирч явахдаа осолдсон байна. Аврах багийнхан хоёр хоногийн дараа л тэдэнд хүрч, нэгийг нь л аварч чаджээ. Цаг агаарын хүнд нөхцөлөөс болж залуу аялагч нас барсан байна.
Энэ явдлын дараа уулын спортын мэргэжилтнүүд тавдугаар сард цаг агаар маш тогтворгүй байдаг тул ууланд авирахаас болгоомжлохыг анхааруулжээ.
Токио хотод амьдарч байсан 22 настай аялагч анх Гифү мужийн Такаяма дахь Хотакадакэ Сансо уулын байртай холбогдон, цаг агаар муудсанаас хөдөлж чадахгүй болсон тухай мэдээлсэн байна.
Тэд Окухотака оргилын баруун талд байрлах, 3163 метр өндөр огцом хадархаг нуруу болох “Жандарм” хэсэгт авирч байжээ.
Даваа гарагт хийсэн эхний аврах ажиллагаа хүчтэй салхи, аадар борооны улмаас бүтэлгүйтэн, үзэгдэх орчин муу байсан тул нисдэг тэрэг хөөрч чадаагүй байна.
Мягмар гарагт дахин эхэлсэн ажиллагаанд Гифү мужийн цагдаагийн газрын дөрвөн гишүүнтэй аврах баг оролцож, хөрш Нагано мужаас гамшгаас хамгаалах нисдэг тэрэг дэмжлэг үзүүлжээ. Нисдэг тэрэг 30 настай аялагчийг өглөөний 10:30 цагийн орчимд аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Харин 22 настай аялагчийг олох үед аль хэдийн амьсгал хураасан байжээ.

Хонконгийн эрх баригчид Гадаад хэргийн яамны Комиссарын алба болон Нагоя дахь Хятадын консулын газартай холбогдон аялагчдын ар гэрт туслах ажилтнуудыг ажиллуулж байгаагаа мэдэгдсэн байна.
Энэ хэрэг гарахаас өмнө Японы Цаг уурын агентлаг арлын зүүн хэсгээр аянга, хүчтэй салхи, мөндөр зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл болохыг, зарим бүсэд хөрсний гулсалт болон үерийн эрсдэлтэй байгааг анхааруулсан байжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, аялагчид гацсан ням гарагт Япон тэнгисийн төв хэсгээр нам даралтын бүс зүүн хойд чиглэлд шилжиж байсан аж.