
Хэлэлцээрийг баасан гарагт байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Ираны цөмийн асуудлаарх яриа хэлэлцээ дараагийн 60 хоногт үргэлжилнэ.
АНУ болон Иран улс хоорондын дайныг дуусгаж, Ормузын хоолойг дахин нээх анхан шатны тохиролцоонд хүрсэн нь Персийн булангийн бүс нутаг болон дэлхийн эдийн засагт эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна. Талуудын хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш гурван сараас илүү хугацаа өнгөрөөд байгаа юм.
Хэлэлцээрийн нарийн нөхцөлүүдийг одоогоор зарлаагүй байна. Харин гол зуучлагчдын нэг болох Пакистаны мэдээлснээр хэлэлцээрт баасан гараг(2026.06.19)-т Швейцарт гарын үсэг зурахаар товлогджээ. Гэхдээ хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулахаас өмнө хэрэгжиж эхлэхгүй гэдгийг Ираны тал мэдэгдсэн байна.
Энэхүү тохиролцоо нь дөрөвдүгээр сард байгуулсан эмзэг гал зогсоох хэлэлцээрийг сунгаж, талууд Ираны цөмийн хөтөлбөр болон түүнтэй холбоотой хориг арга хэмжээ зэрэг төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдүүлэх зорилготой аж.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ-тай хамтран дайныг эхлүүлсэн Израилын талаас одоогоор ямар нэгэн мэдэгдэл гараагүй байна. Израил өмнө нь эдгээр хэлэлцээг эргэлзэнгүй хүлээн авч байгаагаа илэрхийлж байсан юм.
Талуудын өмнө хийх ажил үлдсэн хэвээр байгаа ч аль алиных нь мэдэгдлээс тодорхой хэмжээний тайвшрал мэдрэгдэж байгааг шинжээчид онцолж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээнд “Бүгдэд нь баяр хүргэе!” хэмээн бичээд, “Би Ормузын хоолойг төлбөргүйгээр бүрэн нээхийг зөвшөөрч байна. Үүнтэй зэрэгцэн Ираны уг усан замд тавьсан хяналтын хариуд хэрэгжүүлсэн АНУ-ын тэнгисийн бүслэлтийг нэн даруй цуцлахыг зөвшөөрч байна” гэжээ.
Гэвч тэр удалгүй байр сууриа тодруулж, Ормузын хоолойг зөвхөн баасан гарагт хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа нээнэ гэж мэдэгдсэн байна.
АНУ өмнө нь хоолой дахин нээгдэхтэй зэрэгцэн Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ сулруулж, Иранд газрын тосоо илүү их хэмжээгээр экспортлох, эдийн засгаа сэргээх боломж олгохын тулд зарим хориг арга хэмжээг зөөлрүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байв.
Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади улсынхаа төв телевизээр дамжуулан тохиролцоог баталгаажуулсан ч баасан гарагт гарын үсэг зурах хүртэл хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэв. Тэрээр энэхүү тохиролцоог Катарын зуучлалтайгаар хийгдсэн хэлэлцээний үр дүн гэдгийг онцгойлон тайлбарласан байна. Үүний дараа "Катарын зуучлагчид Техранд 17 цаг үргэлжилсэн хэлэлцээ хийсний дараа Иранаас гарсан санаачилга" гэж асуудалд ойр эх сурвалж мэдээлжээ. Талуудтай тус тусад нь хийх бэлтгэл уулзалтууд энэ долоо хоногт Дохад болох талаар мөн мэдээлэв.
Энэхүү тохиролцоо болон цаашдын хэлэлцээний хүрээг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч “Мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн чухал алхам” хэмээн үнэлжээ.
Пакистан улс уг тохиролцоог зарлахаас өмнө Израил хэлэлцээнээс гадуур үлдсэн нөхцөлд Бейрутын өмнөд захын дүүргүүдэд цохилт өгч, Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийг онилсон байна.
Үүнтэй холбоотойгоор Ираны дэд сайд “Манай зэвсэгт хүчин Израилийн үйлдэлд шийдвэртэй хариу өгөхөд бүрэн бэлэн байсан” хэмээн мэдэгджээ.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф “Хоёр тал бүх фронтод, тэр дундаа Ливанд явагдаж буй цэргийн ажиллагааг нэн даруй бөгөөд бүрмөсөн зогсоохоо мэдэгдсэн” гээд энэ долоо хоногт болох уулзалтууд техникийн хэлэлцээний үндэс суурийг тавина гэж нэмж хэлжээ.
Израилын талаас харин ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Иран гал зогсоох хэлэлцээрт Ливаны асуудлыг хамруулахыг хүссэн нь Израил Ливан дахь цэргийн ажиллагаагаа сүүлийн 25 жилд байгаагүй хэмжээнд өргөжүүлээд байгаатай холбоотой.
Удалгүй Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газар улсын телевизээр дамжуулан “Бүх фронт дахь дайн өнөө оройноос эхлэн шууд бөгөөд бүрмөсөн дуусна”гэж мэдэгдсэн. Уг мэдэгдэлд АНУ-ын бүслэлт мөн бүрэн цуцлагдах талаар ч дурдсан юм.
Ираны талаас хэн баасан гарагийн хэлэлцээрт гарын үсэг зурах нь одоогоор тодорхойгүй байна.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Ванс Fox News-т өгсөн ярилцлагадаа “Би өөрөө оролцохоор төлөвлөж байгаа. Ерөнхийлөгч өөрөө ч ирэх боломжтой” гэжээ.
Пакистаны хоёр өндөр албан тушаалтны мэдээлснээр Ираны цөмийн хөтөлбөр зэрэг шийдэгдээгүй асуудлаар дараагийн 60 хоногийн турш өргөн хүрээний хэлэлцээ үргэлжлэх юм. Хэрэв энэ хугацаанд тохиролцоонд хүрч чадахгүй бол хугацааг сунгах боломжтой аж.
Энэхүү тохиролцоо нь бүс нутгийг дайнаас өмнөх байдалд ойртуулж болох ч олон мянган хүний амь эрсэдсэн, Иран Ормузын хоолой дахь нөлөөгөө хэлэлцээний шинэ хөзөр болгон ашиглах боломжтой болсон гэдгийг анхаарах ёстой гэж ажиглагчид үзэж байна.
Ормузын хоолой нь газрын тос, байгалийн хий, бордоо зэрэг бүтээгдэхүүний дэлхийн нийлүүлэлтийн гол зам юм. Хоолойн хаагдмал байдал дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт болж буй.
Эрчим хүчний шинжээчдийн үзэж байгаагаар хэлэлцээр байгуулсан ч газрын тос, хийн нийлүүлэлт хэвийн түвшинд эргэн очиход хэдэн сар шаардлагатай. Учир нь тээвэр, даатгалын компаниуд хэлэлцээр тогтвортой хэрэгжинэ гэдэгт итгэх нөхцөл үүсэх хэрэгтэй аж.
АНУ, Израил хоёр дайныг эхлүүлэхдээ Ираны удирдагч Али Хаменейг хөнөөсөн цохилтын дараа хэд хэдэн зорилт дэвшүүлсэн. Гэвч Иран одоо ч пуужингийн хөтөлбөртэй, бүс нутгийн зэвсэгт холбоотнууд болох Хезболла зэрэг бүлэглэлүүдийг дэмжсэн хэвээр төдийгүй өндөр түвшинд баяжуулсан ураны нөөцтэй хэвээр байгаа.
Хаменейн хүү шинэ дээд удирдагч болсон ч дайн эхэлснээс хойш олны өмнө харагдаагүй бөгөөд уг хэлэлцээрийг зөвшөөрөхөд түүний зөвшөөрөл шаардлагатай.
Дайны өмнөхөн болон хэлэлцээний явцад Иранд дотоод зөрчил ч ажиглагдсан байна. Ерөнхийлөгч Масоуд Пезешкиан парламентын гишүүд хэлэлцээ хийж буй хүмүүсийг урвагч гэж нэрлэж байгааг “Гутамшигтай үйлдэл” хэмээн буруушаажээ.
Мөн Трампын Бүгд найрамдах намын зарим гишүүд уг хэлэлцээрийг шүүмжилж, энэ нь Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд гарсан, түүний өөрөө “муу хэлэлцээр” гэж нэрлэдэг 2015 оны Ираны цөмийн хэлэлцээрээс дээрдэх зүйлгүй гэж үзсэн байна.
Дайн эхэлсний дараа Иран Израил болон Арабын булангийн хэд хэдэн улс руу пуужин, дроноор довтолсон. Дөрөвдүгээр сарын 7-нд гал зогсоох тохиролцоо хийгдсэн бөгөөд 10 хоногийн дараа АНУ Ираны эсрэг тэнгисийн бүслэлт тогтоосон байна.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Ванс болон Ираны парламентын дарга Мохаммад Багхер Калибаф нарын түүхэн нүүр тулсан уулзалт ч үр дүнд хүрээгүй аж.
Хэлэлцээний турш Трамп нэг талаар Ираны дэд бүтцийг, тэр ч байтугай “иргэншлийг нь устгана” гэж сүрдүүлж байсан бол нөгөө талаар Ирантай харилцааг “илүү мэргэжлийн болсон” гэж магтаж байжээ.
Иран ч мөн өнгөрсөн жилийн болон энэ оны эхний хэлэлцээнүүд АНУ, Израилийн довтолгоогоор төгссөн учраас хэлэлцээнд болгоомжтой хандаж ирсэн.
Техран дайныг дуусгах асуудлыг эхэнд нь шийдвэрлэж, цөмийн асуудлыг дараа нь хэлэлцэхийг хүсэж байгаагаа удаа дараа онцолсон.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээллээр Иран 60 хувийн баяжуулалттай 440.9 кг урантай. Энэ нь цөмийн зэвсгийн зориулалтын 90 хувийн баяжуулалтад хүрэхэд техникийн хувьд тийм ч хол биш түвшин юм.
Иран цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж үргэлж мэдэгдсээр ирсэн. Тиймээс ч өндөр баяжуулсан уранаасаа татгалзах эсэх тухай ямар нэгэн шийдвэр танилцуулахгүй байгаа билээ. Асуудлын гол болсон уран нь өнгөрсөн жил АНУ-ын цохилтод ихээхэн эвдэрсэн гурван цөмийн байгууламжийн доор хадгалагдаж байгаа гэж үздэг.
АНУ зарим үед энэхүү өндөр баяжуулсан ураныг Иранаас гаргахыг шаардаж байсан бол Орос түүнийг хүлээн авах санал гаргаж байжээ. Харин өөр тохиолдолд Трамп Ираны ураныг бүрэн устгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн.