
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Ул байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж дараах хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ үеэр гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунааг Ардын жүжигчин цолоор шагнав. Тэрээр "Ардын жүжигчин хэмээх цолыг хүртээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ их итгэл, хүндэтгэлийн өмнө мэхийн ёсолъё.
40 жилийн турш урлагаасаа урвалгүйгээр, шарвалгүйгээр, хоёрдмол санаагүйгээр, үнэнчээр тууштайгаар урлагийнхаа манаанд зогссон. Урлагийн гараагаа эхлүүлэхэд аав, ээж минь, ялангуяа ээж маань урлагийн А үсгийг зааж дуулж, бүжиглүүлж сурган, төлөвшүүлсэн. Ээж минь тэнгэрийн орноос харж байгаа байх. Аав минь мэргэжлийн урлагийн байгууллагад хөтлөн оруулж, хүүхэд байхаас минь намайг дайчин, өөртөө итгэлтэй, бадрангуй байх төлөвшлийг олгосон хүн бол аав минь. "Соёл-Эрдэнэ" хамтлагт хөтөлж оруулсан хүн бол миний аав. Аав, ээждээ үнэхээр их талархаж байна.
Намайг 52 дугаар сургуульд ороход "Нарны дуулал" хамтлагт дуулахад урлагийн талбарт яаж хөдөлмөр ёстойг, хоёр нүүргүйгээр бусдад яаж үйлчлэх ёстой гэдэг төлөвшлийг өгсөн хүн бол урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Галмандах багш. Багш маань намайг 15-тай байхаас эхлээд өөрийнхөө дуунуудыг өгч байсан. Багшийнхаа өгсөн олон дууг Монголын радиогийн Алтан фондод дуулж үлдээсэн.
1986 онд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн дагалдан дуучнаар ажилд орж байлаа. Намайг хүлээж авсан хүн бол миний хүндэлж явдаг эрхэм Хөдөлмөрийн баатар Д.Ухнаа асан. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Баяр ах, Б.Нандинцэцэг эгч, мэргэжлийн урлагийн А үсгийг заасан гавьяат жүжигчин Ч.Насантогтох багшдаа чин сэтгэлээсээ талархаж байна.
"Урлагийн алтан сан хөмрөгт нандин дууны өв соёлыг үлдээсэн" гэж Ерөнхийлөгчийн зарлигт дурдагдаж байна. Нийтдээ 250 гаруй дуу дуулсан. Үүнээс 60 гаруй нь байнга дуулагдаж байгаа.
Өнгөрсөн цаг хугацаанд надтай үнэнчээр ажилласан продюсер, үг, ая зохиогч, хөгжмийн найруулагч, клипийг минь хийсэн продакшнууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Онцгойлон талархах ёстой хүн бол урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав. Би энэ хүний 80 гаруй дууг дуулсан" гэлээ.