
Хавай мужид дараалан болсон хоёр хүчтэй шуурганы улмаас 1 тэрбум ам.долларын хохирол учирсан талаар тус мужийн захирагч Жош Грийн мэдэгдэв.
Зарим бүс нутагт 127 см хүртэл хур тунадас орж, Оаху арлын хэсгүүд үерийн усанд автсан байна. Гамшгаас 230 гаруй хүнийг авран хамгаалсан бөгөөд одоогоор хүний амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байна.
“Хүмүүс усанд бүслэгдэж, заримыг нь эргийн хамгаалалтын алба далай дээрх хөвж явсан зүйлсээс нь аварсан” гэж захирагч хэлжээ.
Цагаан ордон мужийн захиргаатай байнгын холбоотой ажиллаж байгаа бөгөөд Вашингтоны зүгээс дэмжлэг үзүүлж байгааг онцолсон байна.
Үерийг 2004 оноос хойших хамгийн том гамшиг гэж албаныхан тодорхойлжээ.
Мауй арал дээрх Куйхелани хурдны зам түр хаагдсан ч дахин нээгдсэн бол зарим зам хадны нуралтад дарагджээ. Иргэдийг гүн усанд машинаар явахгүй байхыг анхааруулжээ. 120 жилийн настай Вахиава даланд Хавайн Үндэсний хамгаалагчид хяналт тавьж байгаа бөгөөд ус халих эрсдэл буурсан байна.
Орон нутгийн иргэн Майки үерийн ус шөнө гэрт нь орж ирэхэд “бүх зүйлээ алдсан” гэж ярьжээ.
Холливүүдийн од жүжигчин Жэйсон Момоа өөрийн гэр бүлтэйгээ Оахугийн хойд эргээс нүүлгэн шилжүүлэгдсэн тухайгаа мэдэгдсэн байна.