
Европын өмнөд хэсгийг дайраад буй хэт халалт, хүчтэй салхины улмаас ойн түймэр хурдацтай тархаж байна. Грект түймэр унтраах үүрэг гүйцэтгэж байсан гурван гал сөнөөгч амиа алдсан харамсалтай явдал боллоо. Гал сөнөөх албаны мэдээлснээр тэд Крит арал болон Пелопоннес бүс нутагт гарсан галыг унтраахаар ажиллаж байжээ. Крит арлын аялал жуулчлалын бүс рүү түймэр ойртож буй тул иргэд, жуулчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэллээ.
Одоогоор Атлантын далайн эргээс эхлэн Газар дундын тэнгисийн зүүн хэсгийг хамарсан түймэр асаж байна. Франц, Испанид дэгдсэн түймрийн улмаас мянга мянган иргэн орон гэр болон амралтын газруудаас дайжихад хүрчээ.
Испанид гарсан түймэрт нийт 150 000 гаруй гектар талбай шатсан ч гал сөнөөчид зарим томоохон голомтыг хяналтадаа авсны дараа иргэдийг гэртээ буцахыг зөвшөөрсөн байна. Гэвч агаарын хэм 40 градусаас давж буй хэт халалтын шинэ давалгаа дахин түймэр дэгдээх эрсдэл дагуулж буй аж.
Үүний зэрэгцээ Францын Жиронд мужид Парисын газар нутгаас дөрөв дахин том талбайг хамарсан томоохон түймэр асаж байна. Галыг унтраахаар 2200 гаруй гал сөнөөгч, 20 гаруй агаарын хөлөг ажиллаж байгаа юм.
Европын Холбооны Онцгой байдлын зохицуулах төвөөс ойрын долоо хоногуудад Грек, Итали, Испани, Франц даяар түймрийн эрсдэл нэн өндөр байхыг анхаарууллаа. Мөн гишүүн улсууд гал сөнөөх онгоц, мэргэжлийн багуудыг хамгийн их хохирол амссан бүс нутгууд руу тусламж болгон илгээж байна.