
Умард Солонгос Ковид19 цар тахлын улмаас хилээ хаасны дараа цаазаар авах ялын тоог огцом нэмэгдүүлсэн талаар Өмнөд Солонгост төвтэй иргэний нийгмийн байгууллага мэдээллээ.
Сөүл хотод байрладаг Transnational Justice Working Group байгууллага БНАСАУ-д 2020-2024 оны хооронд нийт 60 цаазын хэрэг бүртгэгдэж, 148 хүн цаазаар авсан гэх нотолгоо цуглуулсан тухай мэдэгдсэн байна. Энэ нь өмнөх таван жилд бүртгэгдсэн 41 цаазын ялаас мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.
Тус байгууллагын үзэж байгаагаар, Пёньянд чиглэсэн олон улсын дарамт буурсантай зэрэгцэн цаазаар авах ажиллагаа нэмэгдсэн нь дэглэмийн хэрцгий засаглалыг баталж байна гэжээ.
“Ким Жон Уны засаглалын эхний жилүүдэд цаазаар авах явдал түгээмэл байсан ч түүнийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэх тухай хэлэлцүүлэг өрнөх үед дэглэм илүү хязгаарлагдмал болсон. Харин Ковид19-ийн үед хил хаагдан олон улсын дарамт сулрахтай зэрэгцэн цаазын тоо дахин огцом өссөн” хэмээн тайланд дурдсан байна.
Мөн тус байгууллага Умард Солонгос даяар цаазаар авахад ашиглагддаг 46 байршлыг тогтоосны 10 нь нийслэл Пёньян хотод, Ким Жон Уны ажлын байрны ойролцоо байрладаг гэжээ.
Умард Солонгос 2023 онд л аажмаар хилээ нээж, гадаадад байсан иргэдээ буцаан оруулахыг зөвшөөрсөн ч цар тахлын нөлөөллийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй хэвээр байна.
Тайланд дурдсанаар, цар тахлаас өмнө хүний амь хөнөөсөн хэрэг цаазаар авах ялын хамгийн түгээмэл шалтгаан байжээ.
Судалгаанд Умардаас дүрвэж ирсэн 880 хүнтэй ярилцлага хийж, хиймэл дагуулын зураг ашиглан байршлуудыг тогтоосон боловч мэдээллийг бүрэн баталгаатай гэж үзэх боломжгүйг онцолжээ.
Цар тахлын дараах үед гадаад соёл, шашны хориг зөрчих, тухайлбал Өмнөд Солонгосын драм, кино үзэх зэрэг үйлдлүүдийн улмаас цаазаар авах тохиолдол хамгийн их хувийг эзэлсэн байна.
“Хил хаахаас өмнө хамгийн түгээмэл байсан хүний амь хөнөөсөн хэргээр цаазаар авах тоо 44.4 хувиар буурсан бол Өмнөд Солонгосын соёл (K-драма, кино, K-поп), шашин болон мухар сүсгийн үйл ажиллагаатай холбоотой хэргүүд 250 хувиар өссөн” гэж тайланд дурдсан байна.
Мөн улс төрийн гэмт хэрэгтэй холбоотой цаазын ял 4-өөс 28
болж өссөн нь цар тахлын үед дэглэм эсэргүүцлийг илүү хатуу дарж байсныг
харуулж байна. Тухайлбал, удирдагч Ким Жон Уны зааврыг зөрчих, эсэргүүцэл илэрхийлэх зэрэг улс төрийн гэмт хэрэгт оноосон цаазаар авах ял 600 хувиар нэмэгджээ.
Тэгвэл соёлын зөрчилтэй холбоотой цаазын ялууд зөвхөн
Хятадын хил орчмоор бус, улсын дотоод бүсүүдэд ч бүртгэгдсэн нь K-поп зэрэг
контент улс даяар тархсаныг харуулж байна гэж тус байгууллагын гүйцэтгэх
захирал Хьюберт Ли хэлжээ.
Мөн Ким Жон Уны охин Ким Жу Э-гийн залгамжлал ойртвол цаазаар авах явдал дахин нэмэгдэх магадлалтайг анхаарууллаа.
“Жү Э залгамжлах цаг ойртох үед түүний эцгийн ойрын хүрээний хүмүүсийг зайлуулж, өөрийн хүмүүсийг томилох зорилгоор цаазаар авах тоо өсөж болзошгүй” гэж тэр хэлжээ.
Тус байгууллагын зүгээс Умард Солонгосын дэглэм хүний амийг үнэгүйдүүлж, одоо бүр иргэдээ Украинд болж буй дайнд илгээж байна гэж шүүмжилсэн байна.