
Жүүд Беллингхэм дахин нэг удаа Английн шигшээ багийн аврагч боллоо. Түүний оруулсан хоёр гоолын ачаар "Гурван арслангууд" Майамигийн бүгчим халуунд Норвегийн багийг нэмэлт цагт 2:1-ээр буулган авч, 2018 оноос хойш анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
Үндсэн цагт тоглолт 1:1-ээр тэнцсэн бөгөөд нэмэлт цагийн хоёрдугаар үед Беллингхэм ялалтын гоолыг оруулснаар Английн багт ДАШТ-ий хагас шигшээгийн тийзийг атгуулсан юм.
Тоглолт Флорида мужийн Майами хотод орон нутгийн цагаар 17:00 цагт эхэлсэн бөгөөд 30°C-аас давсан халуун, өндөр чийгшил нь тоглогчдоос асар их хүч хөдөлмөр шаардаж байв. Энэхүү хүнд нөхцөлд Норвегийн баг илүү дасан зохицож, Андреас Шьелдерупын гоолоор тэргүүлж эхэлсэн.
Нэгдүгээр үеийн төгсгөлд Жүүд Беллингхэм Энтони Гордоны дамжуулалтыг авч, торгуулийн талбай руу хурдтай нэвтрэн зүүн хөлөөрөө цохиж тоог тэнцүүлсэн.
Хоёрдугаар үед Норвегийн баг булангийн цохилтоос дахин нэг гоол оруулсан ч VAR -аар шалгасны эцэст цуцалсан. Шүүгчид Эрлин Хааландыг булангийн цохилт гүйцэтгэхээс өмнө "Манчестер Сити" багийн шинэ анд Эллиотт Андерсоныг түлхэж, алдаа гаргасан гэж үзжээ. Үүний дараа Норвегийн Кристоффер Айерын цохилт хөндлөвч онож үндсэн цаг 1:1-ээр өндөрлөв.
Нэмэлт цагт хоёр багийн тоглогчид туйлдаж эхлэн Норвегийн найдвар Эрлин Хааланд хэт халуунд ядарсны улмаас нэмэлт цагийн эхний үеийн дараа сэлгээнд суусан юм. Ийнхүү түүний Норвегийн шигшээ багийн төлөөх сүүлийн 14 тоглолтод дараалан гоолдоод байсан гайхалтай цуврал зогслоо.
Тоглолтын хувь заяаг Норвегийн хаалгач Эрьян Нюландын алдаа шийдэв. Тэрээр Английн сэлгээний тоглогч Морган Рожерсын алсын цохилтыг барьж авч чадалгүй алдахад, Беллингхэм бөмбөгийг гүйцээн гоолдож, энэ ДАШТ-ий 6 дахь гоолоо бүртгүүллээ.
Английн шигшээ баг шилдэг дөрөвт үлдсэн ч ахлах дасгалжуулагч Томас Тухель багийнхаа тоглолтод шүүмжлэлтэй хандаж байна. Тэрээр тоглолтын дараа “Бид өнөөдөр азтай байлаа. Маш олон техникийн алдаа гаргаж, удаан, замбараагүй тоглолоо. Үр дүн нь гайхалтай ч тоглолтодоо сэтгэл хангалуун бус байна. Хагас шигшээд бид үүнээс хамаагүй дээр тоглох хэрэгтэй" хэмээн илэн далангүй ярьжээ.
Английн шигшээ баг ирэх лхагва гарагт Аргентин эсвэл Швейцарын ялсантай нь хагас шигшээд тоглох бөгөөд сүүлийн 60 жил буюу 1966 оноос хойш анх удаа ДАШТ-ий финалд үлдэхийн төлөө өрсөлдөх юм.