
БНХАУ Африкийн 53 улсын бараанд ногдуулдаг импортын татвараа цуцалж, тивийн бараг бүх оронд татваргүй нэвтрэх боломж олгожээ. Шинэ бодлого нь Тайваньтай албан ёсны дипломат харилцаатай Африкийн цорын ганц улсыг хамруулаагүй байна.
Баасан гаргаас хэрэгжиж эхэлсэн энэхүү бодлого нь Бээжинтэй дипломат харилцаатай улсуудад л үйлчлэх аж.
Хятад улс 2024 оны арванхоёрдугаар сард Африкийн хамгийн буурай хөгжилтэй 33 орны бүх барааны татварыг тэглэсэн байна. Харин одоо нэмэлтээр 20 улсыг уг хөтөлбөрт хамруулж, 2028 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр татваргүй худалдаа хийх боломж олгосон талаар Global Times мэдээлжээ.
Ингэснээр Хятадтай дипломат харилцаатай Африкийн бүх улс уг схемд хамрагдаж байгаа аж. Цорын ганц үлдсэн улс нь Эсватин бөгөөд тус улс Тайвантай албан ёсны дипломат харилцаагаа хадгалсаар байгаа цөөн орны нэг юм.
Бээжин Тайваныг өөрийн бүрэн эрхт нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг.
Хятадын Худалдааны яам энэхүү бодлого нь Африкийн бүтээгдэхүүнийг хятадын зах зээл дээр илүү өрсөлдөх чадвартай болгоно гэж мэдэгдсэн байна.
Үр ашиг хүртэх магадлалтай бүтээгдэхүүнүүдэд:
Мөн энэ бодлого африк дахь боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт нэмэгдэхэд түлхэц өгч магадгүй гэж яам мэдэгдсэн байна.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан “Энэ нь Хятад улс нээлттэй байдлаа сайн дураар өргөжүүлж, олон улсын илүү их хариуцлага хүлээхэд бэлэн байгаагийн илэрхийлэл. Энэ бодлого нь Африктай боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг бий болгох зорилготой” гэж мэдэгдсэн байна.
Хятад улс африкийн хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятад улс 2025 онд африкаас 90 тэрбум фунт стерлингээс давсан бараа импортолсон нь өмнөх оноос 5.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Харин хоёр талын нийт худалдааны хэмжээ өнгөрсөн онд 255 тэрбум фунт стерлингт хүрсэн байна.
Африкийн холбооны гүйцэтгэх байгууллагын тэргүүн Махмоуд Али Юсуф энэ бодлогыг “дэлхийн эдийн засгийн дарамт болон өсөн нэмэгдэж буй хамгаалалтын бодлоготой нүүр тулж буй африкийн хувьд маш цаг үеэ олсон алхам” гэж үнэлжээ.
Шинэ тарифын бодлого нь 2026–2030 оныг хамрах Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд зах зээлийн нээлттэй байдлыг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой гэж Синьхуа мэдээлжээ.
Татваргүй нэвтрэх боломж өргөжсөнөөр хөдөө аж ахуйн экспорт нэмэгдэж, хөдөөгийн орлогыг өсгөж, бүтээмжийг сайжруулан, өлсгөлөн болон ядуурлыг бууруулахад тусалж магадгүй аж. Гэсэн ч зарим шинжээч тариф нь африкийн экспортлогчдын гол асуудал биш гэж үзэж байна.
Шинжээч Жервин Найдүү “Африкийн олон эдийн засаг үйлдвэрлэлийн хүчин чадал сул, ложистикийн хүндрэлтэй, түүхий эдийн экспортод хэт түшиглэсэн зэрэг бүтцийн асуудлуудтай хэвээр байгаа бөгөөд зөвхөн тариф бууруулах замаар эдгээрийг шийдэх боломжгүй” гэж мэдэгджээ.