
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ. Уг өргөдөл нь УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэснийг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдөл юм.
Хэлэлцүүлгийн үеэр С.Бямбацогт гишүүн "1990-1992 оны Улсын бага хурлын гишүүд бүгд орон сууцтай болж байсан. 1992 онд орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд нь орон сууцны асуудлаа шийдүүлдэг, сүүлдээ шийдэж чадахгүй болохоороо дэмжлэг үзүүлдэг болсон.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүст бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас хойш зургаан сарын хугацаанд төсвөөс цалин өгдөг байсан. Үүнийг 2024 оны сонгуулийн дараагаас нэг жилээр олгож байхаар хууль баталсан. Эргэж харах нь зөв байх. УИХ-ын гишүүд бол илүү эрхтэй хүмүүс биш. Харин илүү ачаа үүрэх ёстой, илүү хариуцлага хүлээх ёстой хүмүүс. Улс орон, ард иргэдийнхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэж амлаж байгаад сонгогддог. Энэ амлалт, үүргээ биелүүлэх ёстой. Үүнийхээ төлөө илүү эрх эдлэх нь зохимжгүй. Тиймээс иргэдийнхээ гаргасан саналыг дэмжиж байгаа. Иргэдтэйгээ адилхан эрхтэй байх хэрэгтэй. УИХ-ын гишүүн байна гэдэг бол эрх ямба эдлэхийн нэр биш" гэлээ.