
БНСУ-ын Тээврийн яам 20 гаруй жилийн турш нисэхийн аюулгүй байдлыг алдагдуулсан шийдвэрүүд гаргаж, нисэх буудлын зарим стандарт бус байгууламжид зөвшөөрөл олгосон байж болзошгүй алдааг аудитын алба илрүүлжээ. Энэ нь 179 хүний аминд хүрсэн аймшигт онгоцны ослын дараах шалгалтаар ил болсон байна. Сануулахад, 2024 оны 12 сарын 29-нд Өмнөд Солонгос руу буцаж байсан “Жэжү эйр” компанийн боинг онгоц Муан хотод газардах үедээ осолдож 179 хүн амиа алдсан харамсалтай хэрэг болсон билээ.
Нислэгийн мөрдлөг, аудитын албаны нийтэлсэн тайланд дурдсанаар, 2024 оны арванхоёрдугаар сард “Жэжү эйр” компанийн Боинг 737-800 онгоц Муаны Олон улсын нисэх буудалд осолдсон хэрэгтэй холбоотойгоор шалгах явцад олон зөрчил илэрсэн байна.
Шувуутай мөргөлдсөн уг онгоц хөдөлгүүр нь гэмтсэн учир газардаж, буух зурвасыг давсныхаа дараа чиглүүлэгч радио навигацийн антенны бетон суурийг мөргөжээ. Онгоцонд байсан хүмүүсээс арын хэсэгт сууж явсан хоёр нисэхийн үйлчлэгч л амьд үлдсэн юм.
Аудитын тайланд дурдсанаар, Тээврийн яам Муан нисэх буудалд буух чиглүүлэгч систем болох радио навигацийн антенныг байрлуулахын тулд 2.4 метр өндөр бетон далан барих шийдвэрийг баталсан байна. Энэ нь газар шорооны ажлын зардлыг бууруулах зорилготой байсан бөгөөд холбогдох дүрэм журмыг хангалттай шалгаагүй гэж дүгнэжээ. Олон улсын стандартын дагуу ийм төрлийн байгууламж нь онгоц мөргөх үед амархан эвдэрч задрах бүтэцтэй байх ёстой байдаг.

Аудитын байгууллага мөн Муан, Гимхэ, Жэжүгийн олон улсын нисэх буудал зэрэг найман нисэх буудалд стандарт зөрчсөн 14 чиглүүлэгч радио навигацийн антенн бүхий байгууламжийг зөвшөөрсөн нь буруу байсан гэдгийг тогтоожээ. Түүнчлэн Тээврийн яам 22 жилийн турш эдгээр байгууламжийг стандарт хангаж байна гэсэн буруу дүгнэлт бүхий шалгалтуудыг баталгаажуулсаар ирсэн байна.
Тайланд шувуутай мөргөлдөхөөс сэргийлэх арга хэмжээ болон нисэхийн аюулгүй байдлын удирдлагад ч сул тал байсныг дурдсан бөгөөд нийт 30 зөрчил, алдаа илрүүлжээ.
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам уг тайлангийн дүгнэлтийг хүлээн авснаа мэдэгдээд яам чиглүүлэгч радио навигацийн антенны байгууламжийг сайжруулах, шувуутай мөргөлдөхөөс хамгаалах арга хэмжээг чангатгана гэдгээ илэрхийлжээ.
Ослоос хойш Муан нисэх буудал хаалттай байгаа бөгөөд хэзээ дахин нээгдэх нь тодорхойгүй байгаа юм.