
Улс төрийн намын тухай хуулийг 2023 оны долоодугаар сард шинэчлэн батлаад, 2024 оноос мөрдөж буй. Үүний ачаар намуудын санхүүжилт тодорхой хэмжээнд ил тод болж, хяналт тавих боломж бүрдсэн. Мөн ямар намууд сонгуулийн циклээр амь ордог, хэд нь тогтмол үйл ажиллагаа явуулдгийг баримтаар тодорхой болгож байна. Учир нь, уг хуулийн дагуу намууд жилд хоёр удаа санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээсэн. Үүнийгээ хоёр жил дараалан өгөөгүй бол тухайн намыг идэвхгүйд тооцно. Дээд шүүхэд бүртгэлтэй 38 намын хамгийн отгоноос бусдад нь эдгээр заалт үйлчлэх юм. Либертари нам бүртгүүлээд хэдхэн сар болж буй, ямар ч сонгуульд орж амжаагүй учраас тэр. Түүнчлэн гишүүний тоо, тэднээс авсан татвар, орлогын бүх эх үүсвэрээ ил тод тайлагнаж эхэлснээр “шантаажны намууд”-ыг улс төрийн тавцнаас шахаж, цэвэрлэх боломж бүрдсэн. Гэвч энэ хууль бүрэн хэрэгжихгүй байгааг СЕХ-ныхон ч, улс төр судлаач нар ч хэлэх болов. Тэгвэл Улс төрийн намын тухай хуульд ямар алдаа, “цоорхой” байна вэ.
Дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн Дээд шүүхэд хүргүүлэх ёстой байв. Тухайн үед Дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй байсан ч 29 нь л материалаа ирүүлсэн юм. Нэгэнт хуулийн хугацаандаа амжсан учраас эдгээр намын материалыг Дээд шүүх “тухтайхан” хянаж, алдаа, мадгийг нь дахин дахин засуулсаар буй. Одоогийн байдлаар ИЗНН-аас бусад 28 нь үндсэн дүрмээ батлуулжээ. Уг нь хуульд шаардлага, заалтыг тодорхой бичсэн байгаа. Гэвч улс төрийн намынхан яагаад ч юм заавал 1-2 зүйл дутуу авчраад байдаг бололтой. 10 удаа буцсан нам ч бий гээд хэлчихэд буруудахгүй. Хуулийн мэдлэг байдаггүй юу, уншсанаа ойлгодоггүй юү. Яагаад ч юм байн байн буцаагдсаар байдаг аж. Зарим гуравдагч хүчнийхэн “МАН, АН-ынхныг материалаа өгөх хугацаа хожуулах гээд жижиг намуудыг “дэглээд” байна. Тэднийг өгснийх нь дараа өргөдлөө хүргүүлнэ” хэмээн гоморхож үзсэн. Зарим нь Дээд шүүх албаар “хорлож” байна гэж ч хардсан. Гэтэл өнөөх хоёр “ах” нам нь өргөдлөө өгсний дараа ч жижиг улс төрийн хүчнүүдийн материал буцаагдсаар байсныг “Хуулийн шаардлага хангаагүй” гэхээс өөрөөр яаж тайлбарлах билээ.
Бас нэг асуултын хариулт тодорхой боллоо. Хуулийн хугацаанд үндсэн дүрмээ шинэчлүүлэхээр хандаагүй найман намынханд ямар хариуцлага тооцох вэ гэсэн асуулт хариултгүй явсаар байсан юм. Тэд сонгуульд оролцох эрхтэй юү. Хуулиас хариулт олдохгүй. Яагаад гэвэл баталсан хуулийг нь зөрчиж, үл тоож болох ийм тооны “том толгойтон” гарна гэж парламентын гишүүд сэтгэсэнгүй. Уг нь намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, татан буулгах тухай бүтэн нэг бүлэг бий. Эл 21 дүгээр бүлэгт аливаа нам УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалж оролцоогүй, санхүүгийн тайлангаа хоёр жилийн турш гаргаагүй, удирдах болон төлөөллийн төв байгууллагаа таван жилд огт хуралдуулаагүй бол идэвхгүйд тооцохоор тусгажээ. Харин тухай намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагаагаа зогсоох тухай шийдвэрийг удирдах байгууллага нь гаргасан нөхцөлд л Дээд шүүх үүнийг үндэслэн татан буулгана хэмээсэн юм. Харин төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийх, улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд ноцтой аюул учруулсан нөхцөлд СЕХ-ноос тухайн намыг татан буулгах шийдвэр гаргах аж.
Гэхдээ үндсэн дүрмээ хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол ямар арга хэмжээ авах тухай ямар ч зохицуулалт байхгүй. Одоо дээрх найман намыг УИХ-ын сонгуульд дараалан оролцохгүй бол идэвхгүйд тооцно гээд хүлээх үү. Хэн ч хариулж мэдэхгүй. Сонгууль болохоор “амилдаг” намуудын хувьд хуулийн эл “цоорхой”-г далимдуулна, санал хуваах, “наймаа” хийх ажлаа үргэлжлүүлэх гэж тооцож байсан байх. Тэгвэл энэ сарын 22-нд хуралдаж улс төрийн хэд хэдэн намыг бүртгэлгүйд тооцох шийдвэр гаргав. Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Ард түмний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, ШИНЭ нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн намыг хуулийн хугацаанд өргөдөл, мэдээлэл ирүүлээгүй үндэслэлээр Улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцохоор болсон байна.
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т заасны дагуу намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа долоодугаар сарын 20, жилийн эцсийнхийг хоёрдугаар сарын 10-ны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. 2025 оны жилийн эцсийн тайлангаа 29 нам өгсөн юм байна. Тэднээс долоо нь УИХ-ын сонгуулиар нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авч, төрөөс санхүүжилт авах эрхтэй болсон нам. Ямартай ч Үндэсний аудитын газар намуудын санхүүгийн тайланг хянаад дууссан аж. Энэ бол намуудад төрөөс санхүүжилт өгсөн эхний бүтэн жилийн тайлан. Тиймээс СЕХ-ныхон намууд, судлаачидтай уулзаж, алдаа, оноогоо ярилцжээ.
Төрөөс санхүүжилт олгосноор намуудад тэгш өрсөлдөх боломж олгож, мөн гадаадын болон хэн нэг компани, хувь хүний захиалгаар ажиллах эрсдэлийг хааж эхэлсэн гэж үзэж буй. Санхүүгийн тайланг ил тод болгох нь авлигаас сэргийлэх чухал алхам мөн. Түүнчлэн дөрвөн жилд нэг удаа амилдаг биш, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, цаашдаа бодлогын нам болж хөгжих хөшүүрэг болно гэж найдсан. Намуудын орлого нь гишүүнчлэлийн татвар, хандив болон өөрийн орлогоос бүрддэг. Тэгвэл 2025 оны тайлангаас нь харахад манай хамгийн ууган, том нам болох МАН 300 гаруй мянган гишүүнтэй. Гэвч хуульд заасны дагуу гишүүнчлэлийн татвараа бүрэн авч чаддаггүй нь тайлангаас харагджээ. Татварт нэг тэрбум, хандиваар 310 сая төгрөг цуглуулжээ. АН-ын гишүүдийн тоо 200 гаруй мянга ч энгийн болон сонгуульт 2000 гаруй гишүүнээсээ л татвар авсан аж. Энэ талаар улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Энэ байдлаас харахад Улс төрийн намын тухай хууль бүрэн хэрэгжихгүй байна. МНН 25 мянган гишүүнтэй ч нэг ч хүнээс татвар аваагүй, мөнгөн дүн нь тэг. Намууд гишүүдээ бүртгэж, шинэчлэх, гол нь амьд байх ёстой. Нам бол нийтийн эрх ашгийн өмнөөс шийдвэр гаргаж, баялаг хуваарилдаг байгууллага учраас хөрөнгө, орлого нь ил байх учиртай юм. Илүү ардчилалтай, нээлттэй, хариуцлагатай байх ёстой юм. Гэтэл намууд ажиллаад буй ч зарим мэдээлэл нь бүрэн итгэхэд хэцүү байна. АН л гэхэд 2024 оны тайландаа орон нутагт хөрөнгөтэй гэж мэдүүлээгүй. Гэтэл энэ онд ийм хөрөнгөтэй болчхоод, түүнээсээ орлого олсон гэж мэдүүлсэн байна. Намууд ажиллаад буй ч хангалтгүй. Энэ бүхнийг цаашид цэгцлэх ёстой” гэжээ.
Дээд шүүхэд 38 нам бүртгэлтэй ч 29 нь л хуулиа дагаж, тайлангаа өгчээ. Үлдсэн 10 намаас найм нь хоёр жил дараалан санхүүгийн тайлан гаргаагүй тул бүртгэлгүйд тооцогдов. Угаасаа ч идэвхгүй намууд байсан. Улс төрийн нам байгуулсан гэх цаасан дээрх бүртгэлтэй, ямар ч сонгуульд оролцоогүй Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн хэмээх нам байхад сонгуулиар л сэрдэг, тэг тайлан гаргадаг нь ч байна. Тэд хуулиа уншаад ойлгодоггүй, эсвэл зүгээр л дагаж биелүүлэхийг хүсдэггүй аж. Мөн парламентад суудалтай ногоон намынхан гишүүний татвар огт авдаггүй юм бол өөр юугаар санхүүждэг вэ. Байгуулагдаад олон жил болсон, ууган намуудын нэг хэдий ч тэд үнэндээ үлгэн салган л оршдог нь нууц биш.
Идэвхгүй, хариуцлагагүй намууд нэг талд нь, нөгөө талд нь дутуу, “цоорхой”-той хууль, тэдний учрыг олох гэж хичээж буй сонгуулийн төв байгууллага гэсэн гурвалжин үүссэн байх нь. Хууль тогтоогчид баталсан хуулийнхаа алдаа, оноог дүгнэж, засаж сайжруулах, хариуцлагыг илүү нэмэгдүүлэх учиртай. Хэрэгжилтэд хяналт тавих нь УИХ-ын гишүүдийн нэг гол үүрэг шүү дээ.