“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 647 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.

НЭГ: Мөрдлөгийн цаадах экосистем

Өнөөдөр хувийн мөрдөгчийг хуульчлан зөвшөөрөөгүй байхад хүн явуулдаг, дагуулдаг, дарамтлуулдаг, айлгаж ичээдэг явдал гарч байна. Хуулиар зөвшөөрвөл ил цагаандаа гарах биз дээ.

Хувийн мөрдлөгийг хуулиар зөвшөөрвөл хурандаа нарын хамгаалалтын байгууллагууд л стандарт хангаж, хүний гэр бүл, харилцаа, холбоо руу орж ирнэ. Хэн нэгний нөхөр, эхнэрийг мөрдөн мөшгөхөөр ч зогсохгүй. Эхэндээ хартай залуусын захиалга, хортой хүмүүсийн хонзонд дарагдана. Олж авсан яриа, бичлэг, гэрэл зураг, мэдээллээрээ шантааж хийгчид дагаад гарч ирнэ. Тэр мэдээллээр дамжуулж бусдын хөрөнгө чинээг дээрэмдэнэ, хийх ёсгүй ажлыг нь хийхийг албадаж эхэлнэ. Дараа нь шийдвэр гаргагчдыг, бизнес эрхлэгчдийг мөшгөж нээнтэглэн тохироо, наймаа хийн хууль бус үйлдэл рүү түлхэнэ. Үүнээс л монгол хүнээ, нийгмээ хамгаалах гэж хууль бусаар мөрдөн мөшгөх явдлыг гэмт хэрэг гэж Эрүүгийн хуульд бичсэн.

Цагдаагийн ажил цалин багатай, цаг наргүй. Яалт ч үгүй, гэмтнүүдийг гэлбэлзүүлж, хууль зөрчигчдөд зохих шийтгэлийг нь оноож, төрд торгууль хурааж өгдөг учраас нэр сайнгүй. Цагдаагийн удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байсан хүн хувийн мөрдлөгийг хуулиар зөвшөөрүүлээд хувийн мөрдөгчдийг ажилд авч бизнес цэцэглүүлэх тухай төлөвлөгөө тээсэн явна гэдэг бол өсөж өндийсөн цагдаагийн албаа хайрлахгүй байгаагийн илрэл.

Г.Улсболдын “Ялтай үйлчилгээ: Хувийн мөрдлөг” нийтлэлээс

ХОЁР: Булаагч

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар түүхэнд хамгийн удаан буюу тасралтгүй таван жил ажилласан хүн. Ерөнхий сайд байхдаа хийсэн Харбины гэрээг илрүүлэн шалгах гэнгүүт сөргүүлээд чимээгүйхэн Ухаа худагийн асуудлыг оруулаад ирж байгаа юм. Булаах, хамгаалах тактик.

Таван жил Засгийн газрыг тэргүүлэх хугацаанд нь иргэдийн амьдрал улам бүр хүндэрч, өрнөөс өрийн хооронд өдөр аргацаах болсон. Ардчилал, авлигын индексээр ч олон улсад ухарсан. Гэвч эдийн засаг цаасан дээр бол “суга” өссөн. Тэр нь ард түмнийхээ амьдралд наалдаагүй юм. Үүний нэг шалтгаан нь “Харбины гэрээ” байсныг ч үгүйсгэхгүй. Өнөөдөр энэ гэрээтэй холбоотой олон ноцтой баримт түрүүчээсээ ил болж буй. Экс Ерөнхий сайдыг хүүгийнхээ тансаглалын орлогыг нотол, ажлаа хийж чадахгүй байгаа хариуцлагаа хүлээж огцор хэмээн залуус жагсахад нөгөө талд нь “Ухаа худагаа буцааж авъя” гэсэн жагсагчид гараад ирдэг байсан. Өөрийг нь шүүмжилсэн бүхнийг зөрүүлж харлуулах пиар явуулдаг байсан нь нууц биш. Тэр инстикт нь энэ удаа ч ажиллажээ. Харбины гэрээг гардан гүйцэтгэсэн учраас шалгаад эхэлбэл тэр асуудалд унана гэж айсан аж. Үнэхээр л өгөөжтэй гэрээ байсан бол ийнхүү сандарч, өрсөн өөр түр хороо байгуулахын оронд нүүр бардам шалгуулах байсан. Гэвч тэгж чадсангүй.

С.Туулын “Булааж хамгаалах тактик уу?” нийтлэлээс

ГУРАВ: Залилагчдын өгөөш

Аз, одонд итгэж, амар аргаар амьдрахыг хүсэх нь магад хүний байгалийн араншин. Гэхдээ хяналт сул, хариуцлага тооцох тогтолцоо төлөвшөөгүй манай нийгэмд азанд найдах нь асар сөрөг үр дагавартай. Түүнчлэн сугалаа гэдэг бол зөвхөн хувь хүний сонголт мэт боловч нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой асуудал юм. Хөдөлмөрийн бүтээмж, иргэдийн итгэл үнэмшил, үнэт зүйл, ирээдүй гэхчлэн олон зүйлтэй уягдана. Хичээж, хөдөлмөрлөхгүйгээр санасандаа хүрч, сарвайснаа авах боломжтой гэдэг итгэдэг хүн нийгэмд хэдий чинээ олон байна төдий чинээ хортой. Боловсролын түвшин буурч, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн тоо цөөрч, хариуцлага, сахилга батыг дадуулах хүн ам багасна. Тиймээс сугалааны зах зээлийг цэгцэлж, тодорхой хууль дүрэмтэй, тогтсон системтэй болох зайлшгүй шаардлагатай юм.  

О.Даваасүрэнгийн “Сугалааны орон” нийтлэлээс

ДӨРӨВ: Эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх нь

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эвент арга хэмжээнээс гадна байршуулах үйлчилгээ чухал. Эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг Монголыг зориод ирсэн жуулчдаа тав тухтай, дулаан газар байршуулах шаардлагатай ч өвөлдөө үйл ажиллагааны зардал өндөр байдгаас ихэнх нь ажилладаггүй. Манай улсад 500 гаруй  жуулчны бааз, 100 гаруй амралтын газар, 40 гаруй ресорт бүртгэлтэй байдаг ч өвөлдөө ажилладаг нь улсын хэмжээнд 100 хүрдэггүй. Иймээс дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эхний ээлжид аж ахуйн нэгжүүдэд цахилгааны татаас дэмжлэг чухал бөгөөд үүнийг дагаад үнэ хямдрах, өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой.

Засгийн газраас “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхээр зорьж байгаа ч дорвитой хийсэн ажил алга. Үүний үр дүн ч валютын гадагшлах урсгалаас тод харагдана.

2014 онд манай улс аялал жуулчлалаар 214.7 сая ам.долларын орлого олсон бол гадагшаа өөрсдөө аялахад 472.7 сая ам.доллар зарцуулжээ. Тухайн үед 250 гаруй сая ам.доллароор хэмжигдэж байсан аяллын үйлчилгээний дансны алдагдал 2024 онд 1 тэрбум ам.долларт дөхжээ. Харин энэ оны эхний хагас жилд бид аялал жуулчлалаас 280.9 сая ам.долларын орлого олсон бол гадагш аялахдаа 844.2 сая ам.доллар зарцуулж, аялал жуулчлалын үйлчилгээгээр хүлээсэн алдагдлын хэмжээ 563.3 сая ам.долларт хүрчээ. Аялал жуулчлал нь үл үзэгдэгч экспорт, импорт хийдэг салбар гэдгийг ч эдгээр тоо илтгэнэ.

М.Мөнхжаргалын “Дөрвөн улиралд тэмүүлэх аялал жуулчлал” нийтлэлээс

ТАВ: Нөхөрлөл ба инфляц

Сүүлийн жилүүдэд нөхөрлөл ба инфляц (Friendship inflation) гэх нэршил барууны орнуудад дэлгэрчээ. Энэ нь үнийн өсөлт, инфляц хүн хоорондын харилцаанд төдийгүй нөхөрлөлд ч сөргөөр нөлөөлж байгааг илэрхийлж буй тодорхойлолт аж. Өнөөгийн нийгэмд найзтай байх нь, өөрөө сайн найз байх нь өртөг өндөр ойлголт болсон бөгөөд найзын тоогоор зардал яригдаж, хүн өөрөө өөрийгөө нийгэмшүүлж, бусдаар хүрээлүүлэхэд шаггүй төлбөр төлдөг болсныг залуучууд ийн шүүмжлэх болжээ. Энэ агуулга эцэстээ эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татах хэмжээнд хүрсэн байна. Найз нөхдийн инфляц үнэхээр ноцтой эсэхийг “Self Financial” компанийн судлаачид энд онд төнхжээ. Тэд судалгаагаа америкчуудын дунд явуулсан бөгөөд санал асуулгад оролцсон таван хүн тутмын дөрөв нь найз нөхөдтэйгөө зугаацахдаа санхүүгийн түгшүүртэй байдал мэдэрч, зардалд санаа зовдог тухайгаа илэрхийлсэн байна. Мөн 43 хувь нь өөрөөсөө чинээлэг найзтай байх нь зардлын хэмжээг өсгөж, санхүүгийн хямралд хүргэх эрсдэлтэй байдгийг тодотгожээ. Судалгаанд оролцогчдын олонх нь найзуудынх нь хуримаа хийх, төрсөн өдрөө тэмдэглэх зэрэг тэмдэглэлт үйл явдлууд хувийн санхүүг нь хасах төлөвт хүргэдэг гэсэн байна. Найзтайгаа уулзсан баяр баясгалан нь тооцоо хийх үед стресс болж хувирдаг тухай ч залуус илэн далангүй илэрхийлжээ.

О.Даваасүрэнгийн “Найзын цомхотгол” нийтлэлээс

ЗУРГАА: Хуурамч дүрсний шинэ эрин

OpenAI-ийн Sora2 апп өнгөрсөн сарын сүүлээр албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд ердөө 72 цагийн дотор App Store-ийн хамгийн их татагдсан аппуудын нэг болсон. Тэгвэл анхны хувилбар болох Sora1 нь 2024 онд танилцуулагдаж, хэрэглэгчдэд текстээс богино хэмжээний видео үүсгэх шинэ боломжийг нээж байсан ч дүрсний нарийвчлал, хөдөлгөөний жигд бус байдал нь хангалттай түвшинд хүрээгүй байв.

Харин Sora 2 апп нь эдгээр сул талыг бүрэн сайжруулж, хэрэглэгчийн оруулсан өгүүлбэрийг хэдхэн минутын дотор хөдөлгөөнтэй, бодит мэт дүрс болгон хувиргах чадвартай болжээ. Жишээлбэл, “эмэгтэй хүн гудамжинд алхаж байна” гэх ганц өгүүлбэрийг оруулахад л, хиймэл оюун ухаан үүнийг дүрсжүүлж, жирийн камерын бичлэгтэй андуурах мэт бодит дүрс гаргадаг болсон нь технологийн шинэ эрин үеийг нээж буй илрэл юм.

Одоогоор уг технологийг АНУ болон Канадын хэрэглэгчид л албан ёсоор ашиглах боломжтой бөгөөд бусад улсад хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгааг OpenAI мэдэгдээд буй. Гэвч нээлтээ хийгээд удаагүй байгаа уг аппыг ашиглан хэрэглэгчид холливудын жүжигчид, дуучид, бүр OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы дүрийг ашиглаж, GPU хулгайлж буй мэтээр хуурамч дүрс үүсгэж, сошиал орчинд түгээсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байгаа юм.

И.Сарангоогийн “AI-ийн шинэ шат “Sora”-гийн сүүдэр” нийтлэлээс

ДОЛОО: Утасны чихэвчийн урхуу

Сүүлийн жилүүдэд хийгдсэн олон улсын судалгаанд утасгүй чихэвчний хэт их хэрэглээ тархинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулжээ. Тодруулбал, АНУ-ын “Environmental Health Trust” болон “National Toxicology Program” зэрэг байгууллагуудын судалгаагаар утасгүй чихэвч нь уламжлалт утастай чихэвчнээс ялгаатай нь 100-150 дахин их радио давтамжийн цацраг ялгаруулж байгааг тогтоожээ. Учир нь, утасгүй чихэвч нь bluetooth ашиглан дуу, өгөгдөл дамжуулдаг бөгөөд энэ процесс нь радио долгион үүсгэдэг. Тус долгион  нь хүний чих, тархины хамгийн мэдрэг хэсэгт нөлөөлдөг байна. Bluetooth нь 2.4 гигагерцийн радио долгион ялгаруулдаг бөгөөд энэ нь Wi-Fi болон гар утасны долгионтой давтамж, хүчний хувьд ойролцоо юм. Гэвч утасгүй чихэвчний онцлог нь чихэнд шууд буюу ойрхон байрлаж байгаа тул цацрагийн нөлөө тархи, сонсголын мэдрэлд илүү нөлөөлөхөд хүргэдэг байна. Улмаар удаан хугацаагаар утасгүй чихэвч ашиглах нь тархины мэдрэлийн системд ачаалал үүсгэж, толгой өвдөх, чих шуугих, анхаарал төвлөрөхөд хүндрэл учруулах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь тогтоогджээ.

И.Сарангоогийн “Үл үзэгдэх цацраг” нийтлэлээс

НАЙМ: Бүрхэг дэлхий

Энэтхэг улс сүүлийн гучин жилийн хугацаанд нарны гэрлээ тасралтгүй алдаж буйг саяхны судалгаа нотоллоо. 1988-2018 оны хооронд цаг уурын 20 станцаас авсан өгөгдөлд тулгуурласан судалгаагаар нарны гэрэл газрын гадаргууд шууд тусах хугацаа Гималайн нуруу, Энэтхэгийн баруун эрэгт богиноссон бол зүүн хойд бүсэд улирлын чанартай бага зэрэг нэмэгдэл ажиглагджээ. Нарны туяа буурсан гол шалтгаан нь мэдээж үүлшилт, нарийн ширхэгт тоосонцрын нөлөө.

Инд-Гангийн нам дор газар өвлийн улиралд утаа, илүүдэл ургац шатаалт, температурын урвуу үелэл зэрэг хүчин зүйлээс үүдэн агаарт нарийн ширхэгт тоосонцор ихээр дэгдэнэ. Зургаа, долоодугаар сард тоосонцрын хэмжээ өвлийнхөөс бага ч борооны улирал эхэлснээр нарны гэрэл үзэх нь ховор. Эрдэмтдийн тооцоогоор нарийн ширхэгт тоосонцор Энэтхэгийн газар нутаг тусах нарны гэрлийг ойролцоогоор 13 хувь, үүлшилт нь 31-44 хувиар бууруулсан аж.

Энэтхэг нарны гэрлээ алдаж буй цорын ганц улс биш юм. Дэлхий даяар агаарын бохирдол нэмэгдэж, уур амьсгал өөрчлөгдсөнөөр тэнгэр бүдгэрч байна. Atmospheric Chemistry and Physics сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Европт 1970-2009 оны хооронд агаарын бохирдлоос шалтгаалан газрын гадаргуу дээр хүрэх нарны цацраг буурсан нь тогтоогдсон. Германд гэхэд л 1951-1980 оны хооронд нарлаг цаг ойролцоогоор 11 хувиар буурсан нь хүлэмжийн хий ялгаруулалтаас үүссэн үүл агаар мандалд удаан цагаар тогтдогтой холбоотой байв.

С.Лхагвасүрэнгийн ““Хулгайлагдсан” нар” нийтлэлээс

ЕС: Дэлхийг зөв хэмжээгээр харах нь

Мэдээ орсон цагаасаа бидний харж өссөн дэлхийн газрын зурагт Америк, Европ тивээс эхлээд Хятад, Орос улсууд бүгд томоос том зай эзлэн дурайж харагддаг бол Африк тэрүүхэн дор шахагдсан элсэн цөлөөр дүүрэн газар мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч бодит байдал дээр дэлхийн хоёр дахь том тив болох Африк нь 30 сая хавтгай дөрвөлжин километр талбайтай, АНУ, Хятад, Энэтхэг, Франц, Испани, Герман, Итали зэргийг нийлүүлснээс ч том газар нутагтай билээ.

Африкийг ийм жижиг гэж харах болсон нь зүгээр нэг геометрийн төөрөгдөл биш харин түүх, эрх мэдэл, үзэл суртлын нийлбэрээр бий болсон “газрын зургийн шударга бус байдал” юм.

С.Лхагвасүрэнгийн “Африкийн жинхэнэ хэмжээ” нийтлэлээс

АРАВ: Өөрөөрөө бүтээх эрх чөлөө

Өрөөнд хөгжим эгшиглэж, хөгжмийн талаар яриа өрнөж, тэрхүү сонгодгуудын тухай яриа чихэнд хоногшиж, дотор нь аялгуугаар дамжсан ямархан нэг зүйл алгуурхан өндийж эхэлнэ. Түүний дотор хөгжим бүрэлдэж, хөгжим дотор тэр өөрөө бойжиж байжээ. Аав нь монголын цохивор хөгжмийн гоцлооч, Монгол Улсын гавьяат багш, дэд профессор Б.Зоригт, ээж нь Монгол Улсын Консерваторын дэд профессор П.Мөнгөнцэцэг. Тэгэхээр хүүгийн дотор аялгуу эгшиглэж, гэрт хөгжим дуугаралгүй өнжих өдөр гэж үгүй. Аливаа бүхэнд тодорхой эхлэл гэж байдаг ч нэгэн хэвээр урсах мэт үргэлжилсэн их цаг хугацааны дунд зөнгөөрөө бүрэлдчихсэн юмс ч олонтоо тохиолддог. Тэдгээр тохиолд нэгэн шинэ хувь заяа нэмж, энэ бүхэн эхэлжээ.

Түүнийг Зоригтын Энхмөнх гэдэг. Тэрээр өдгөө “The Born Retro” төслийг хэрэгжүүлж буй “Aydu Records”-ыг үүсгэн байгуулж, продюсероор ажиллаж буй нэгэн.

Түүнтэй зуны сүүл сарын нарлаг дулаахан өдөр уулзаж ярилцсан билээ. Улаанбаатар хот эл хуль, хүмүүс улирлын сайхныг сонгож аялал зугаалгад гарч, цөөхөн олддог амралтын өдрүүдээ аль болох хотын дуу чимээнээс ангид өнгөрүүлэхийг хүсдэг заншлаараа хөдөө буйдын аниргүйг зорьжээ. Тэр чөлөөнд уулзаж ярилцсан нь цаанаа л нэг дотно дулаан, намуухан аялгуу их хотын үдшийн гэгээтэй хамт өрөөнд эгшиглэх шиг мэдрэмж төрүүлнэ.

Харин хамгийн сүүлд дахин уулзаж ярилцахад навчис шарлачихсан, үүнийг бичиглэн байх зуур хэдийнэ өвлийн жаврын түрүүч айлсаж, анхны цас унажээ. Бүтээл өөрийн төрөх цаг мөчийг анаж байдаг шиг эл бичвэр ч басхүү улирал дамнан үгсээр эгшиглэх адил тийм л зураглалуудыг туучин гарсан нь энэ.

Б.Алтанхуягийн “Дотор минь хөгжим л амьд” нийтлэлээс