
Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте Нидерландын Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүхэд (ICC) биечлэн ирэв. Түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр шүүхээр хэлэлцэхээр болсон.
Түүнийг Ерөнхийлөгч байхдаа хэрэгжүүлсэн “хар тамхины эсрэг дайн”-тай холбоотойгоор олон арван мянган жижиг хэмжээний хар тамхины наймаачныг шүүхийн шийдвэргүйгээр хөнөөсөн гэх хэрэгт буруутгаж буй.
81 настай Дутерте лхагва гарагт шүүх хуралд оролцжээ. Түүнийг 18 сарын өмнө Манилад баривчилснаас хойш анх удаа дэлхий даяар биечлэн харагдсан нь энэ юм. Тэрээр ямар нэгэн тайлбар хэлээгүй ч хурал дуусахад үзэгчдийн суудалд сууж байсан гэр бүлийн гишүүд рүүгээ гараа даллажээ.
Өнөөг хүртэл тэрээр шүүх хуралд дүрст дуудлагаар холбоосоор оролцож байсан юм. Тэрээр хэд хэдэн шүүх хурлыг тасалжээ.
Дутертегийн өмгөөлөгчид түүний эрүүл мэндийн байдал доройтож, шүүхээр хэргийг нь хэлэлцэхэд оролцох боломжгүй болсон гэж үзсэнтэй холбоотойгоор Олон улсын эрүүгийн шүүх лхагва гарагт түүний хэргийн явцын талаарх шүүх хурлыг зарласан.
Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх эхний өдрийг 11 дүгээр сарын 30-нд товложээ.
Дутертегийн 2016-2022 онд Ерөнхийлөгчөөр ажиллах үеийн бодлогын гол хэсэг нь хар тамхины эсрэг дайн байв. Тэрээр эдийн засгийг хөгжүүлэхийн тулд энх тайван, хууль журам зайлшгүй шаардлагатай гэж үзэж байжээ.
Олон улсын эрүүгийн шүүх Дутерте өмнөд хэсгийн өргөн уудам хот болох Давао хотын захирагч байх үеийн 2011 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд Филиппин улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүнчлэлээс гарсан 2019 оны гуравдугаар сарын 16 хүртэлх хугацаанд гарсан аллагуудыг шалгаж байна.
Дутертегийн өмгөөлөгч Питер Хэйнс саяхан шүүхэд мэдүүлэхдээ үйлчлүүлэгч нь “ой тогтоолт ихээхэн муудсан” тул өмгөөлөгчдийн багтайгаа ажиллах боломжгүй болсон гэж хэлжээ. Харин прокурорууд үүнийг үгүйсгэв.
Шүүгчид Дутертег шүүх ажиллагаанд оролцох сэтгэцийн хувьд чадвартай эсэхийг хэлэлцэж, гурван мэргэжилтнээр эрүүл мэндийн үнэлгээ хийлгэх шийдвэр гаргасан байна.
Уг үнэлгээ олон нийтэд ил болоогүй ч AFP агентлагийн мэдээлснээр өмгөөлөгчид Дутерте өөрийгөө 2007 эсвэл 2008 онд амьдарч байгаа гэж боддог, өөрийгөө 84 эсвэл 85 настай гэж үздэг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын нэрийг санаж чадаагүй гэж мэдүүлжээ.
Дутертегийн хар тамхины эсрэг хатуу кампанит ажлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд Манила хотод шүүх хурлыг шууд дамжуулалтаар үзэв.
Хоёр хүүгээ алдсан Льоре Паско Reuters агентлагт “Тэр эцэст нь хүрэлцэн ирсэнд, мөн зүгээр харагдаж байгаад бид баяртай байна. Үнэндээ бүр жин нэмсэн юм шиг харагдаж байна” гэж хэлжээ.
2017 онд өсвөр насны зээ хүүгээ алдсан Рэнди Делос Сантос AFP агентлагт Дутертег шүүхийн танхимд харсандаа баяртай байгаагаа хэлээд, “Түүний биеийн байдал сайн байгаа нь шүүх хурлыг хурдан явуулахад тусална гэж найдаж байна” гэжээ.
Дутерте 2019 онд Ерөнхийлөгч байхдаа мэдрэлийн үйл ажиллагааг алдагдуулдаг аутоиммун өвчин болох миастени гравис өвчтэй гэдгээ мэдэгдэж байжээ. Тэрээр 2016 онд 71 насандаа сонгогдохдоо Филиппиний түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болсон юм.
Одоогоор Дутертегийн гэр бүл Филиппиний эрх мэдлийг хэн хянахтай холбоотой улс төрийн өндөр түвшний тэмцэлд оролцож буй. Түүний охин, дэд Ерөнхийлөгч Сара Дутерте Ерөнхийлөгч Фердинанд “Бонгбонг” Маркостой зөрчилдөөнтэй байгаа юм.
Дутерте, Маркос нарын 2022 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад тусалсан холбоо задарснаар Родриго Дутерте 2025 оны гуравдугаар сард Манилагийн нисэх онгоцны буудалд баривчлагдах зам нээгдсэн гэгддэг.
Сара Дутерте 2028 оны сонгуульд Маркосын оронд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших боломжтой гол улс төрчдийн нэгд тооцогддог. Үндсэн хуулиар одоогийн Ерөнхийлөгч Маркос хоёр дахь удаагаа сонгуульд өрсөлдөх боломжгүй аж.
Сара Дутерте гэхдээ импичментийн шүүх ажиллагаанд улс төрийн ирээдүйгээ хамгаалахын төлөө тэмцэж байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол төрийн албан тушаалд нэр дэвших эрх нь ч хасагдана.
Түүнийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, мөн Маркос, тэргүүн хатагтай Лиза Аранета-Маркос, Маркосын үеэл, Конгрессын гишүүн Фердинанд Мартин Ромуальдес нарыг хөнөөхийг сүрдүүлсэн гэх хэрэгт буруутгаж байгаа билээ.