Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын ес дэх өдөр Усны сэдвийг хөндөнө.
Ус бол экосистемийн тэнцвэр, хүн амын эрүүл, аюулгүй амьдрал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс төдийгүй цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, экосистемийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх стратегийн нөөц юм.
Иймээс цөлжилттэй тэмцэх бодит шийдлийн нэг нь усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, нөхөн сэргээх, нэмэгдүүлэх, улмаар гол, нуур, ус намгархаг газрын экосистемийн тогтвортой байдлыг хангах явдал юм.
Усны өдрийн нээлтийн хүрээнд Монгол Улсын усны нөөц, нуурын экосистемийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй “333 нуур” Үндэсний санаачилга, “Нуур хамгаалах Монгол загвар” зэрэг санаачилга, бодит үр дүнг танилцуулна.
Мөн Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй "Цэнгэг ус хамгаалал" төслөөс Монгол Улсад цэнгэг усны экосистемийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж буй төр, орон нутаг, иргэд, залуучууд болон байгаль хамгааллын байгууллагуудыг нэгтгэсэн арга хэмжээг COP17 хурлаар зохион байгуулах юм.