
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуудах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр дараах хэлэлцүүлэг өрнөлөө.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: -Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болох тохиолдол их байна. Надад нэг иргэнээс өргөдөл ирсэн. Ямар утгатай вэ гэхээр, Монгол Улсын иргэнтэй гэр бүл болоод дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйн тухай. 2002 онд Монгол Улсын иргэн Баярхүүтэй гэр бүл болоод Монголд амьдарч байгаа, дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэй юм билээ. Хамгийн бага хүүхэд нь дөрвөн настай. Хүүхдүүд нь Монгол Улсын иргэн, Монголдоо боловсрол эзэмшиж байна. Гэтэл ямар нэгэн зохицуулалт байхгүй гээд алдарт эхийн одон олгодоггүй. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх ёстой вэ. Алдарт эхийн одон гэж Монгол Улсын иргэнийг төрүүлсний шагнал юм уу, монгол хүнд л олгодог шагнал юм уу?
Гэр Бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал: -Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгэгдсэн иргэн, хүүхдэд энэ хууль үйлчилнэ. Ийм шалгуураар Алдарт эхийн одон авах шалгуур хангагддаг гэсэн үг.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энхнасан: -Өнөөдөр хэлэлцэж байгаа энэ хуулийн төсөлд үүнийг зохицуулах заалт ороогүй.