Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн гаалийн албаныхан экспортод гаргахаар бэлтгэсэн 60,000 ширхэг газрын зургийг хураажээ.
Эдгээр зурагт Тайванийг буруу тэмдэглэсэн бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн зарим арлуудыг орхигдуулсан байна. Албаныхан энэ талаар “Улсын нэгдмэл, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн үйлдэл” гэжээ.
Хураагдсан газрын зурагт Хятад, Японы хоорондын далайн хилийг тэмдэглээгүй, мөн Тайванийг муж гэж тэмдэглээгүй хэмээн гаалийн алба мэдэгдсэн байна. Гэхдээ Тайванийг зурагт яг юу гэж тэмдэглэсэн байсныг тэд тодорхой хэлсэнгүй.
Хятад Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг ч Тайвань өөрийн гэсэн Үндсэн хуультай, ардчилсан удирдлагатай тусгаар улс гэдгээ онцолдог. Эдгээр газрын зургийг хааш нь экспортлох гэж байсан нь одоогоор тодорхойгүй бөгөөд Хятад улс дэлхийн хамгийн том бараа нийлүүлэгчийн хувьд буруу тэмдэглэгээтэй барааг устгах журмыг хэрэгжүүлдэг аж.