
Мишел Кука Мболадинга хэмээх Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын алдарт хөгжөөн дэмжигч АНУ-ын виз авч чадаагүйн улмаас Узбекистантай хийсэн шийдвэрлэх тоглолтыг үзэж дэмжиж чадаагүй байна.
Мболадинга энэ оны эхээр Мароккод болсон Африк Үндэстнүүдийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний үеэр дэлхий дахинд танигдсан. Тэрээр тоглолтын турш хөдөлгөөнгүй зогсож, Конгын анхны ерөнхий сайд Патрис Лумумбад хүндэтгэл үзүүлдгээрээ онцгойрдог юм.
1961 онд буудан хороогдсон Лумумба нь Конгод үндэсний баатар, эрх чөлөөний бэлгэдэлд тооцогддог нэгэн юм. Мболадинга Лумумбатай төстэй төрхтэй бөгөөд Конго улсын төрийн далбааны өнгөөр чимэглэсэн тод өнгийн хослол өмсөж, түүний дүр төрхийг санагдуулам байдлаараа үзэгчдийн анхаарлыг татдаг аж.
"Лумумба Веа" Мексикт болсон Конгын өмнөх тоглолтыг үзэж дэмжсэн ч тэрээр Атланта хотод болсон Узбекистантай хийх заавал хожих шаардлагатай тоглолтод оролцож чадаагүй байна.
БНАКУ-аас Вашингтонд суугаа Элчин сайд Капинга Иветт Нганду “Хэрэв Конго хасагдах шатанд шалгарвал Мболадинга виз авах боломжтой болно. Түүнийг багтаа өөрийн өвөрмөц дэмжлэгийг авчирна гэдэгт найдаж байна" гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр Мболадинга багаа дэмжиж чадаагүй ч Ардчилсан Конгын хөлбөмбөгчид Узбекистаны шигшээ 3:1-ээр буулган авч дараагийн шатанд шалгарлаа.
"Лумумба Веа" хэмээх хочтой Мболадинга нийслэл Киншаса хот дахь Лумумбын хөшөөний дүрслэлтэй адил байрлал авч, нэг гараа өргөдөг. Түүнийг тойрон буй хөгжөөн дэмжигчид чангаар дуулж, уухайлах үед тэрээр тоглолтын турш огт хөдөлгөөнгүй зогсдог.
Түүний өвөрмөц дэмжлэг дэлхий даяар алдаршиж, Мароккогоос эх орондоо буцаж ирсний дараа БНАКУ-ын засгийн газраас түүнд дөрвөн дугуй хөтлөгчтэй автомашин бэлэглэж байжээ.
Түүний ДАШТ-д ирэх хугацаа БНАКУ-д гарсан Эбола өвчний дэгдэлттэй холбоотой аяллын хязгаарлалтын улмаас хойшлогдсон байна. Засгийн газрын хамгийн сүүлийн мэдээллээр, БНАКУ-д Эболагийн батлагдсан тохиолдлын тоо 1203-д хүрч, үүнээс 321 хүн нас баржээ.