
Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Долоодугаар сарын 27-ны өдрийн 14:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Драгон" төвийн гуравдугаар давхраас 25 настай иргэн унаж, амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн. Уг хэргийг мөрдөн шалгаж байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Цагдаагийн байгууллагаас хэрэгт хамаарах нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрэн тогтоож, хамгаалан бэхжүүлэх ажиллагааг явуулдаг. Гэвч өчигдөр оройноос эхлэн уг хэрэгтэй холбоотой эмзэг агуулгатай дүрс бичлэг цахим орчинд түгж эхэлсэн.
Иймд хэрэгтэй холбоотой дүрс бичлэг, гэрэл зураг болон бусад эмзэг агуулгатай материалыг цахим орчинд нийтлэх, хуваалцахгүй байхыг иргэдээс хүсье. Мөн ийм төрлийн дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд түгээх нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээх үндэслэл болдгийг анхааруулж байна.
Ялангуяа ийм төрлийн агуулга нь хүүхэд, өсвөр үеийнхэн, залууст сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд ч хүндрэл учруулж болзошгүй. Иймээс хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдээс хүний эрх, талийгаач болон ар гэрийнхний хувийн нууц, ёс зүйг хүндэтгэн, эмзэг агуулгатай дүрс бичлэгийг түгээхгүй байхыг хүсэж байна" гэлээ.