Азийн цанын холбоноос зохион байгуулсан дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Пёнчан хотын олимпын баазад гурван өдрийн турш болж өндөрлөлөө. 6 орны 100 гаруй баг тамирчид өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо.
Өнөөдөр болсон бөөн гараатай эмэгтэйчүүдийн 15 км зайн уралдаанд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Ариунтунгалаг алтан медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 20 км зайн уралдаанд Монголын хоёр тамирчин медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. Энэ зайд О.Золбаяр мөнгө, Б.Ачбадрах хүрэл медаль хүртсэн байна.
Монголын гүйлтийн цанын баг тамирчид гурван өдөр болсон дугуйт цанын Азийн цомын тэмцээнээс 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл нийт найман медаль хүртлээ.

