
Хүүрнэл зохиолын бие даасан төрөл зүйлийн нэг болох роман хэмээх жанр унтаа байдлаасаа сэрж, сэргэсэн нэгэн оныг Монголын уран зохиол үдэж байна. Мөн үндэстний ой санамж, уран зохиолын бэлгэдэл, түүчээлэгч болсон нэгэн сод хөвүүний амьдралын мөрөөр мөшгисөн бүтээл төрөв. Үүнээс гадна яруу найраг, хүүхдийн уран зохиол зэрэг энэ онд туурвисан, хойчийн оюун санааны өв болон үлдэх номуудыг онцлон нэрлэж байна.
I. РОМАН
-660x0.png)
Ц.Дэлгэрмаа “ШАГУНДАЛАГИЙН ЕРТӨНЦ” (роман)
Бусдыг хайрлана гэдэг юу сан билээ. Зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн “Шагундалагийн ертөнц” хэмээх романы сүүлчийн хуудасны нислэгийг энэ бодолтой хамт хаасан юм. Хайр магадгүй тухайн хүнийхээ зан авираас өгсүүлээд бие эрхтний муу, сайн бүхнийг хүлцэн тэвчих, тэгж байж л өөртөө хайрласан гэж итгүүлэх дон байх. Магад хайрласан хүнээ хүлцэж, түүнд өөрийгөө чимээгүй өгсөөр байдаг.
Гэвч хүний сэтгэлийн орон зай гэдэг хязгааргүй агаад хүсэл бүхэн цаг хугацааны өнгөөр ямагт хувирах эд аж. Тус роман цөөхөн агаад хүчтэй дүрүүдтэй. Дүрүүдийн хүчийг тэдний дотоод дуу хоолой, аливааг эргэцүүлэх, мөнөөх эргэцүүллээсээ залхахдаа гаргасан үйлдлүүд нь тодорхойлно. Тэгээд ч хайрлахад насан туршаа суралцана. Гэхдээ зөвхөн нэг зүйлээс, нэг хүнээс. Магад үгүй ч байх. Хамгийн гол нь Шагундалагийн хайрласан чимээгүй инээмсэглэл, хагацалд эмтрэхэд дотор луу урсаж бутарсан нулимсны ертөнцөд аль аль нь бий. Түүнд инээмсэглэл, нулимс хоёрын аль аль нь эрхэм. Тэр ийм ертөнцтэй.
У.Бямбаням “ДУРСАМЖИЙН ГАЗРЫН ЗУРАГ” (зүймэл роман)
Номыг эхлүүлэхдээ зохиолч багынхаа дурсамжийг хүүрнээд байна уу гэх мэдрэмж төрж билээ. Гэвч цааш хуудас лавсган алсрах тусам онхи өөр мэдрэмж төрөх агаад өгүүлбэрээс өгүүлбэр дамжих санаанууд гүн ухааны эргэцүүлэл бүхий бодлуудыг тээж авчирна. Тэдгээр дурсамж, өгүүлэмж, их зохиолчийн уран бүтээлийн зам мөрөөр бэдэрсэн үгс бүр нь дулдуйдсан уран сүлжмэл бүхий уянгын халилаас тэс ондоо. Тэгээд ч хүүрнэл нь дан гагц бидний бичиж, уншиж дадсанаас өөр агаад өгүүлэн буй үндсэн сэдвийнхээ талаар олон дүрийн өнцгөөс яриулж, тэдний бодол санаа, тээж яваа шарх бүрийг хөнджээ.
Энэ бол Монголын уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн талаар хөндсөн зүймэл роман. Гэхдээ бид түүнийг “сод” гээд л тодорхойлчихдог. Гэвч тэрхүү сод билигтэн хэрхэн юуг туулж, тэмүүлж, туучиж, хувь тавилан нь юу үүрүүлснийг эрээ цээргүйгээр тоочихоос илүү зүйл рүү зохиолч нь өөрөө тэмүүлсэн нь тодорхой. Тиймдээ ч өөрийн бага нас, уулзсан хүмүүсээс ажигласан дотоод хүнийхээ дуу хоолойг нэгтгэсэн нь магад сод хүн хэрхэн бүрэлдэж байгааг өгүүлээд ч байх шиг мэдрэмжтэй үлдээнэ.
Б.Баясгалан “ДОГШИН ТЭНГИС”
Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч, зохиолч Б.Баясгалан анхны романаа уншигчдад хүргэжээ. Тэрээр өмнө нь үргэлжилсэн үгийн төрлөөр “Этгээд хүслийн цуглуулга” өгүүллэг, туужийн түүврээ хэвлүүлсэн билээ.
Хүн бүхэнд дотроо тээж явдаг атлаа гаргаад хэлчихэж чадахгүй үгс, дурсамж, түүх гэж бий. Түүнтэй адил дотуур нь давалгаалан унрсах тэнгис байдаг ажээ. Зарим хүн тэрхүү тэнгисийг ухаарал, эмзэглэл, уучлал, ээж, аав, эх орон хэмээдэг бол зарим нь “амь” гэж нэрлэх нь бий. Зохиолч, орчуулагч, яруу найрагч, Тагтаа паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан “Догшин тэнгис” романдаа тэрхүү их усыг үгээр сэлбэж, бидэр татуулан хөөсрөх давалгааг нь дүрүүдийн сэтгэл доторх тэрслүү гэмээр нам гүмээр урлажээ. Романы үйл явдал ганцхан том сэдвийг хөндөж, түүндээ бүрэн уусдаггүй. Харин хөндсөн сэдвээ дотоод өгүүлэмж, дүрүүдийн үйл хөдлөл, өөртэйгөө яриад байх шиг дуу хоолойгоор олон талаас нь харж, зохиолын бүтцийг бий болгожээ. Хүн заримдаа өөрийгөө танихын тулд бус мартахын тулд амьдардаг ч юм шиг...
Ц.Гончиг “ТОЙРОМ” (роман)
Тус романы гол дүр нь шагайн харваач бөгөөд уг бүтээл учрал тохиол, хайр дурлал, тусгаар тогтнолын үзэл санаа зэрэг өгүүлэмжийн өргөн цар хүрээг хамрах юм. Ерөөс Ц.Гончиг бол дүрээс дүрийн хооронд зөрчлүүдийг нягт нямбай урлаж, тэдгээр тойрог томрох тусам гол дүрийг аажуухан босгож ирдэг онцлогтой хүүрнэлч. Тэр чанар шинэ романд гүйцэд тусжээ.
Үүнээс гадна өгүүлэх нэгэн зүйл гэвэл нийтийн үзэл санаа. Тусгаар тогтнол, тэрхүү эмзэг хэр нь нийтээр тулж босгоод сайтар бэхэлчихвэл нураахад бэрхтэй зүйлийг олон нийтийн үзэл санаагаар бэхжүүлдэг, бүтээдэг. Яг тэр цөмийг нь сугалаад үзвэл эл романы талаар маш ихийг өгүүлж болно.
Рэ.Зүмпэрлхам “НОЙРСОЖ БУЙ УЛААНБААТАР”
Уг бэсрэг романы үйл явдал нэрнээсээ өгсүүлээд үйл явдал нь Улаанбаатар хотод өрнөнө. Гэвч өнгөрсөн цагийн аль нэг түүхийг хадгалан орших тэрхүү мананд нуугдсан бүүдгэр хотын өнгө төрхийг, тэнд амьдран буй хүмүүсийн дотоодыг төнхөхгүй. Харин яг одоо бидний амьдран буй түргэн хэмнэлтэй, неон гэрлийн түмэн гэрэлд гялбасан, нийгмийн амьдрал нь хүмүүсийн зүрх сэтгэлд сайн, мууг өөрсдийнх нь мэдрэмжид зохироон урин дуудах энэ л хотод бодитжих билээ. Гэхдээ зохиолч хотыг нойрсож байна хэмээн тодорхойлжээ. Мөн Улаанбаатарыг тэр замын түгжрэл, утаа униартай, амьдрахад зүдэргээтэй хотоор төсөөлсөнгүй. Тэр их хотыг, энэ бидний аж төрөн суугаа Улаанбаатарыг хайрлах сэтгэлээ эл бэсрэг романы залуу хүүгийн дүрээр дамжуулан илэрхийлсэн байна.
Романы реалист чанар өөрийн гэсэн эсрэгцэл дүрүүдтэй. Тэнд сайн, муу хоёул бий. Харин гол дүрийн нэг бол бодит амьдрал дээр гацаж, өөртэйгөө тэмцэлдэж ядан зогсох хийгээд эсвээс энэ хотын сайн сайхныг уудалж, ирсэн шалтгаанаа ч тэр сайн сайханд хөвүүлж орхих хоёр хувиралтай дүрийн талаар сайтар эргэцүүлж байж л төгсгөлийн үйл явдлыг өөртөө бүрнээ нээж чадах билээ.
Дурдууштай бүтээлүүд:
Л.Өлзийтөгс “Хайрын сүмээс дүрвэгсэд”, П.Майнбаяр “Цааснаас амилсан хүн”
II.
-660x0.png)
П.Батхуяг “МИНИЙ СЭТГЭЛ - ROCK” (тууж)
Зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэж уншигчдад хүргэжээ. Уг ном нь зохиолчийн “Тэнгэр хэмээх шувуу” хүүрнэл зохиолын түүвэрт багтаж анх уншигчдад хүрсэн бол энэ удаад “Хар муур” хэвлэлийн газраас “Pocketbooks” төслийн хүрээнд хэвлүүлсэн байна. Энэхүү төслийн хүрээнд жанрын хувьд триллер, детектив, андерграунд, урбан зохиолуудыг онцлон хаана ч уншиж болохуйц, овор хэмжээ нь халаасанд багтах туужуудыг цувралаар эрхлэн гаргаж байгаа билээ.
П.Батхуяг бол уран зохиолын төрлөөр жигд туурвиж, туурвил бүртээ Д.Намдагийн өгүүлсний адил эхийн сэтгэлээр хандаж байсан уран бүтээлч. Тэдгээрийн дотор “Миний сэтгэл-Rock” хэмээх залуу уран бүтээлчийн дотоод эрэл, хайгуулыг төнхсөн тууж онцгой байр суурь эзэлнэ. Эл туужид аливаа уран бүтээлчийн бүтээн туурвих мөчийн сэтгэлзүйн асуудлыг тусгаснаас гадна тодорхой хязгаарлагдмал хүрээн доторх ухамсрын хүчний тухай хөндсөн бөгөөд өөр, өөр оршихуй, тэрхүү оршихуйн үндсээ эрэн бэдрэх дүрийн зан чанарын өвөрмөц илэрхийллийг дотоод өгүүлэмжээр загварчлан үзүүлсэн байдаг.
Б.Батзаяа “САНАХГҮЙ БАЙНА, ГЭХДЭЭ САЙХАН БАЙНА” (өгүүллэгүүд)
Түүний өгүүллэгүүд дурсамж болоод түүнтэй харгалдах одоо цагийн “би”-гийн үзэл санаа, хувь хүний дотоод мэдрэмж, дүрүүдийн үйл явдлыг өнгөрсний үйл явдалтай харгалдуулсан зөрчил, далд өгүүлэмж, сюрреалист шинжтэй.
Уран зохиолоос бид яг юу эрдэг вэ? Өөрийгөө, бусдыг, амьтдыг, эд юмсыг... Яг алийг нь илүүтэй хүсэж, тэмүүлж, цаг хугацааг өөрчлөх тийм эрээ цээргүй, өөрийгөө гэх бодол дундуур туучиж яваа бол. Ахин нэгэнтээ ийн санагалзахад хүрсэн ч уран зохиол заримдаа дэндүү зугаатай, тэрхүүг хөнгөн зугаа, гунигтай хоржооныг нь сугалан таашааж болмоор зүйл шиг санагддаг. Тийм шид эл түүвэрт бий.
Д.Урианхай “САЛХИ УНШСАН, ОДОО...” (өгүүллэгүүд)
Эл түүвэрт зохиолчийн сүүлийн жилүүдэд бичсэн шинэ өгүүллэгүүд багтжээ. Түүний өгүүллэгүүд нь хүн хоорондын харилцаа, өнөөгийн технологи давамгайлсан нийгэмд хэрхэн мөн чанараа гээлгүй "хүн хэвээр үлдэх", үнэт зүйлсээ дотоод сэтгэлдээ яахин ухамсарлах талаарх сэдвийг уудалснаас гадна оюун ухамсарт бодгаль гэх тодорхойлолт үнэхээр бидэнд нийцэж байгаа юу гэдгийг эргүүцүүлсэн зэрэг олон агуулгыг бүтээл тус бүрдээ хөнджээ.
Мөн тус өгүүллэгүүд нь Д.Урианхай зохиолчийн гүн ухааны эргэцүүлэл, модерн бичлэгээс гадна хүний зан авирын мунхаг талыг дүрүүдээрээ товойлгон гаргаж, мөнөөх эрс дорой чанарыг нь амьтан, эсвээс байгалийн хүншүүлсэн дүрслэлээр эерэгээр нөхжээ.
Ч.Мөнхбаяр “ЮУ Ч БИШ” (тууж)
Монголын уран зохиолд анхны модерн бичлэгийн аргыг туршиж, шинэ эрэлхийлэл, илэрхийллийг бий болгосон Ч.Мөнхбаярын бүтээлүүд дүрслэлийн цоо шинэ, онцгой жишээ болсон юм. Уг номд орсон “Өвгөнтэй тэнгис” хэмээх Хэмингуэйн алдарт зохиолын нэрийн утгыг тонгоруулсан байлтай бүтээл Салман Рушдигийн тухай хүртэл дурдсан байдаг. Харин эл бүтээлээ Ч.Мөнхбаяр 1996 онд бичжээ.
Өдгөө түүний бүтээлүүд худалдаанд үгүй байсан бөгөөд Хар муур хэвлэлийн газрын зүгээс энэхүү содон туурвилчийн хоёр туужийг “Юу ч биш” нэрийн дор эмхэтгэн уншигчдад дахин хүргэсэн нь тун олзуурхууштай.
-660x0.png)
Я.Баяраа “ЛУУГИЙН ЗҮРХ”
Яруу найрагч, жүжгийн зохиолч Я.Баяраагийн “Луугийн зүрх” шүлгийн түүвэр. Эл номд түүний өмнө гаргасан шүлгийн түүврүүдээс сонгосон бүтээлүүд орсноос гадна сүүлд бичсэн шинэ шүлгүүд нь мөн багтжээ. Тэрбээр, “Нэг урлаг”, “Цөн”, “Таслал”, “Бороонд норсон Чехов” зэрэг шүлгийн түүврүүд уншигчдад хүргэсэн байна.
Я.Баяраагийн яруу найргаас нийгмийн тогтолцоо болон түүн дотор аж төрөх хүний оршихуйн эргэцүүлэл, чигч шулуун үзэл санаа, гүнээс гүн рүүгээ түрсэн далд өгүүлэмж ямагт анзаарагддаг. Мэдээж илт тодорхойлолт зүүхэд яруу найраг боломжгүй ертөнц боловч түүний шүлгүүдэд үгс үргэлж хүчтэй цохилдог.
Г.Аюурзана “ШИДИЙН БАРИЛДЛАГА”
Яруу найрагч бүхэн л өөрсдийн дуу хоолой, үзэл санаа, философи, мэдрэмжтэй байдаг. Зарим нь цул бүхэллэг чанарыг бий болгосноор таньж мэдэрсэн, урлаж зүйсэн нь бөмбөрийн хэмнэл, төгөлдөр хуурын аялгуу, цөн түрэх нүсэр чимээ, салхины хүнгэсэн дуутай байх нь бий. Г.Аюурзаны яруу найргаас ямагт л зэнгийн хоосон чанарын бясалгал, нар мандаж, жаргах агшны үзэсгэлэн хийгээд байгалийн нам гүм анир ахуй мэдрэгддэг.
Эхлээд өөрийгөө хоослох хэрэгтэй. Зэн ингэж сургадаг. Оюун бодол, дотоод сэтгэл нь сайхан хийгээд муугаар дүүрсэн хүнд зэн юу ч сургадаггүй, өгдөггүй тухай коан ч бий. Г.Аюурзаны яруу найргаас уншигддаг хоосон, нам гүм, оргүй тийш алсрах шиг, зэнд суралцаж өөрийгөө хоослох мэт дуу хоолой “Арван зургаан давхрын аглагт” түүврээс нь эрхгүй дахин сонстном. Зарим яруу найрагчдын үзэл суртлын агуулгатай, магтуу шинжтэй шүлгүүдээс түүнийг ялгаж харагдуулдаг гол онцлог нь энэ. Заримдаа амьдарч буй нийгэм, түүнийг танихаар оролдсон үзэл санааны өгүүлэмжүүд Г.Аюурзаны яруу найрагт төдийлөн хамааралгүй байдаг.
Э.Цогзолмаа “ШӨНИЙН ГҮН, ТАГ ДУУГҮЙ”
Бид ямагт “Би”-гээсээ ангид, алсад суудаг шиг... Харин тэр уудам тэнүүн орон зайг яруу найргаар л нөхөж болмоор шиг... Энэ түүврийн дотоод оршихуй эл бодлыг урлана. Тэгээд ч шөнийн гүнд таг дуугуй суугаа нэгэн ямархан шарх сорви тээж, тэр нь эдгэсэн, эсвээс гүндээ ортол хөндүүрлэн буйг бүрэн дүүрэн мэдэрнэ гэдэг боломжгүй зүйл.
Магадгүй уран зохиол дотроос яруу найргийн тухай яриа хамгийн хялбархан өрнөх боловч ойлгон таньж, дүгнэн хэлэлцээд тоймтой хариулт, нэгдсэн үзэл санаанд хүрэхэд туйлын хүнд бэрх агаад хязгааргүй, асар гүн, нууцлаг ертөнц байдаг. Тиймээс ихэнх нь яруу найргийг унших, мэдрэхэд анхаарч, гоо зүйг нь нээн, шинжлэн задлахаас зайлсхийж ирсэн шиг сэтгэгдэнэ. Ерөөс яруу найргийг шүүх, шинжлэн задлах, энэ нууцлаг ертөнцийн гүн рүү алгуурхнаар лавшруулан мэтгэх хэр зохистой вэ? Гэвч сайн шүлгийн тухай бид ярилцаж байж л асуултынхаа хариуг олно шүү дээ. Тийм л сэтгэлээр энэ түүврийг санал болгож байна.
М.Бямбажав “ОДОХ ЗАМЫН ЗОГСОЦУУД”
Хаа нэгтээ одох дуусашгүй замынхаа дунд зогсозноод өөртэйгөө ярилцаж, өрөөл бусдыг хүнлэг сэтгэлээр ажиглан дүгнэж, тэрхүү дүгнэлтээ зөвхөн бие сэтгэлдээ яруу найргийн хэлээр шивнэж зогсоо юу гэлтэй. Магадгүй одох тэр зам амьдрал. Богино эсвээс хэчнээн уртыг нь үл мэдэх эл замын дундуур ч мөн олон давхар замууд байх аж.
Шүлгүүд нь чөлөөтэй, хайрцаглалд баригдаагүй. Тийм гунигтай мөрүүдийг унших хэзээд таашаалтай байдаг. Аливааг бодож, дотроо хав дарахаас илүүтэй бичсээр, өөртэйгөө хуваалцсаар яваадаа талархан мэхийх шиг тийм л гунигтай атлаа дүүрэн сэтгэлийн мөрүүдээр эл түүврийг тодорхойлж болмоор санагдана.
М.Дэвээжаргал “УЖИГ ХҮСЛИЙН ТЭМДЭГ”
Үгсийн шид, уулсын зүүд, үүдэн бий болсон нь төрмөл зөнтэй нь хамт бүрэлдэж эхэлсэн шиг сэтгэлийн хөндүүрлэл, хэн бүхэнд хүсэх сайхан сэтгэлийн дулаан... Яруу найрагч М.Дэвээжаргалын “Ужиг хүслийн тэмдэг” шүлгийн түүвэрт цөм бий. Яруу найргийг уншигч бүр өөрийнхөө мэдэрч, зарим нь бусдыг, зарим нь өөрийгөө илүүтэй анзаардаг. Хамгийн гол нь М.Дэвээжаргалын шүлгүүд аж төрөхүйгээс олж авсан үнэн мэдрэмж, хайрын тунгалаг шаналал, түүнийхээ буулганд даруулаагүй зоримог илэрхийлэл, сул үггүй үгсийн хэмнэл, дүрслэлийн нарийн мэдрэмжүүдээрээ онцлог ажээ.
“Ужиг” хэмээх үг наазгай гэх утгыг илэрхийлдэг. Гэтэл хүний дотор үргэлжид бугшсан, хэзээд л тэндээ оршсоор байх тэрхүү удаан, наазгай тэмдэг нь яруу найраг, үгсийн шид дотор мөнхөд үлдэх чин хүслийн илэрхийлэл юм сан уу хэмээн бодоход хүргэнэ.
-660x0.png)
Г.Аюурзана “А: ХӨХ ДЭВТЭР”
Өнгөрч одсон амьдралынхаа талаар эргэцүүлэн бодож дурсамжийн их цөл дундуур тэнүүчлээгүй зохиолч байдаггүй болов уу. Мэдээж хүн бүр тэгдэг ч бичиж үлдээсэн нь ховор. Дурсамж нэг бол хүйтэн, эсвэл халуун, гэрэл цацруулсан цагаан тагтаа, нэг бол сүүдрээс нь гарах аргагүй аварга том тас шувууны дүрээр биежин үзэгддэг. Эцэстээ эх адаггүй хүйтэн туйл, халуун цөл болж хувирна.
Энэ бол Г.Аюурзанын бага наснаас эхлэн Москвад өнгөрүүлсэн оюутны амьдрал, анх хэрхэн уран зохиолд хөл тавьж, жаахан хөвүүн явахдаа уран бүтээлийг нь шимтэн учирсан зохиолчидтойгоо хэрхэн танилцаж, уулзсан тухайг мэдэх боломжийг уншигч бүрд олгох гунигтай атлаа гэгээлэг цаг хугацааны цуглуулга. Магадгүй өнгөрсөнд ч цаг хугацаа оршиж байгаа. Тэдгээр лүү хүрч очих хамгийн зөв арга бичих ч байж мэднэ.
Г.Алтансүх “XII ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН НИЙГМИЙН БАЙГУУЛАЛ”
Зохиогч уг номдоо анхдагч эх сурвалжууд болон урьдын судалгаануудыг тоймлон үзэх, XII зууны монголчуудын төрийн зохион байгуулалт, төрлийн тогтолцоо, аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын тухай шинжлэх, XII зууны монголчуудын нийгмийн байгуулалд холбогдох суурь ойлголтуудыг “Ойлголтын түүх”-ийн аргаар дахин нягтлах аргаар XII зууны монголчуудын нийгмийн байгууллын шинэ судалгаа хийхийг зорьжээ.
Тэгэхдээ эх сурвалжаас олж цуглуулсан мэдээллүүдийг археологи, түүхэн хэл шинжлэлийн баримтуудаар баяжуулан, нөхвөрлөхийн зэрэгцээ дундад зууны үеийн аяллын тэмдэглэл, толь бичиг тэргүүтэй хоёрдогч эх сурвалжуудыг ашиглан XII зууны монголчуудын нийгмийн байгууллын асуудлыг шинээр нягталсан байна.
ЗАМДАА ГАРЦГААЯ. ХҮРЭЭ ХӨВГҮҮД ЭЭ
Тэд зургуулаа байлаа. Өөр өөрийн мөрөөдөл, эргэлзээ, хүсэл тэмүүлэлтэй залуус. Улаанбаатарын хуучны гудамж, цоожтой хаалга, кафе, баар, шөнийн хот - бүгдэд нь тэдний айзам шингэсэн. Тэднийг нөхөрлөлөөс илүү үг, үзэл санаа холбож байв. Тэд өөрсдийгөө баатар хэмээн цоллоогүй, бас цаг үеэ эсэргүүцэгч ч гэж бодоогүй. Харин “өөрөөр амьдарч, өөрөөр мэдрэх” хүсэлд уусан, нэгэн уриа дор нэгдсэн хөвгүүд явлаа: “Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ.”
Энэ үг бол тэдний амьдралын гол утга, энэ номын цохилох зүрх нь юм. “Замдаа гарцгаая” хэмээн бусдыгаа дуудаж ахуйдаа тэд гудамжны нэг булангаас нөгөөг зорьсонгүй. Тэдний зорилго ирээдүй рүү, өнгөрч хуучирснаас холдож өөрсдийн гэсэн “өнөө”-г бүтээх дуудлага байв. Энэ бол залуу насны эрчим, эрсдэл, эрэл хайгуулын түүх. Энэ ном бол зөвхөн “Хүрээ хөвгүүд”-ийн дурсамж бус, нэгэн үеийн их тэсрэлт, хотын уран зохиолын эхлэл, утга учиргүйг өөрсдийнхөөрөө тодорхойлох оролдлого, зам, үзэл санаа болсон юм.
Boobooks
Б.Инжинааш “CLIPSE OF US”
Урлаг бидэнд бүтээгчээс илүү бүтээлтэй нь харилцах ёстой гэдгийг хором мөч бүхэнд баталсаар ирсэн билээ. Улс үндэстэн бүр хөгжин цэцэглэж, техник технологи хөгжихийн хэрээр уран зургаас илүү камер барьсан дүр төрхийн жинхэнэ эзэд олшрох болсон. Мэдээж, гарт нь камер атгаастай цагт сайн гэрэл зурагчид түүх бүтээж, дурсамж мөнхөлж чадна.
Тэдгээрийн нэг бол баримтат гэрэл зурагчин Б.Инжинааш. Тэрээр “Clipse of Us” хэмээх эл бүтээлүү Япон улсад хэвлүүлжээ. Уг номд түүний 2008-2023 оны хооронд авсан 141 гэрэл зураг багтсан байна.
-660x0.png)
“ЭХ ОРОН”
Б.Батцэцэг, Б.Чанагнянгар, Такахаши Кимико (зохиолчид), Э.Базаррагчаа (зураач)
"Эх орон" зурагт ном нь монгол нутагт үлэг гүрвэл идээшиж байсан үеэс өнөөдрийг хүртэл өрнөсөн түүхийг өгүүлэх юм. Тиймдээ ч хүн төрөлхтөн хэрхэн үүсэж хөгжив? Бид яаж дэлхийн олон улс, хүмүүсийн дундаас ялгарч улс эх орноо байгуулав? Бидний хэл, соёл болоод "өнөөдөр" хэрхэн бүрэлдэн тогтов? зэрэг олон асуултад хариулна.
Өнөөгийн өдөр тутмын амьдралын хурдан хэвшил дунд хүмүүс эх орны тухай төдийлөн анхаарч, яриа өрнүүлдэггүй. Гэвч хүүхэдтэйгээ энэ тухай үргэлж ярилцаж, асууж байх учиртай юм. Тиймийн учир монголд анх удаа "ЭХ ОРОН"-ы тухай цогц агуулга бүхий зурагт номыг ийнхүү бүтээжээ.
“ЦАСАН ОХИНЫ НУУЦ”
А.Даваасүрэн (зохиолч), Э.Мишээл (зураач)
Монголын өвлийн өвөрмөц дүрүүдийг дахин амтлуулж, заримыг шинээр бүтээж үр хойчдоо өвлүүлэн үлдээх шинэ ном. Уг номд ес эхэлдэг өдөр буюу 12 сарын 22-нд Өвлийн өвгөний туслах бөхөн бөн бөн шогшуулан хүүхэд бүрийн захтдлыг цуглуулж яваад нэгэн сайхан сэтгэлт охинтой таарснаар ид шидлэг түүх эхэлдэг.
Өвлийн өвгөний туслах бөхөн, аваахай, хүйтний есөн ах дүүс зэрэг монголын өвөрмөц дүрүүдийг шинэ жилийн баяртай холбож өгснөөрөө тун онцлог юм.
“ХҮНИЙ ЭРХИЙН ЦАГААН ТОЛГОЙ”
Б.Болорсайхан (зохиолч) Э.Мишээл (зураач)
Оюутан, залуусын хувьд хүний эрхийн талаар олон эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой ч хүүхдэд зориулсан эх сурвалж маш хомс байдаг. Тиймээс хүүхдийг бага наснаас нь хүний эрхийн тухай мэдлэгтэй, ухамсартай, цаашлаад эрх, эрх чөлөөгөө хамгаалж, шаардаж чаддаг хүн болж төлөвшихөд туслах зорилгоор энэхүү бүтээлийг бүтээжээ.
Номын гол дүр нь хөх шувуу. Тэрээр энх тайван, амар амгаланг бүтээхээр аялж, бусадтай харилцан, танин мэдэж, хүний эрхийн тухай ойлгож буйгаар дүрслэгдсэн. Энэ нь хүүхдүүдэд ээж, аавтайгаа хамт ярилцах, эрхийнхээ тухай, утга учрыг ойлгоход нь туслах юм.
“ТӨМӨР ЗАМ”
Э.Доржсүрэн (зохиолч), Э.Базаррагчаа (орчуулагч)
Тэргэлтэй хамт галт тэргээр зорчиж, Бодьхүүтэй хамт төмөр замын үйл ажиллагаатай танилцах нь багачуулд мэдлэг олгоод зогсохгүй ер бусын сонирхолтой аялал байх болно. Тус зурагт номд төмөр замын үүсэл болоод дэлхийн анх хэн хэрхэн санаачилсан, уг газарт хэн ямар ажил хийдэг талаар зураг, текстийн хослолоор дэлгэрэнгүй танилцуулжээ. Ийнхүү баримт мэдээллийг хүргэсний хойно зохиолын гол дүрүүд гарч ирнэ. Тэргэл охин анх удаа галт тэргэнд суун аялж байгаа бол говийн толгод дунд хонио бэлчээх зуур өргөн уудам талын хээлээр хурдлан өнгөрөх галт тэргийг сониучирхан харж зогсдог Бодьхүү нэг өдөр ахынхаа ажилладаг төмөр замын үйл ажиллагаатай танилцана.
Ихэнх зурагт номын зохиол нэг л шугам дээр үйл явдал урагшилдаг бол “Төмөр зам” бүтээлд ийнхүү хоёр өөр үйл явдал, дүрээр зохиомжлон сэдвийнхээ гүн рүү уншигчдыг хөтлөн урагшлах ажээ.
Редакцын хамт олон уг номоо төмөр замынхантай хамтран орчны нарийн судалгааг хийснээс гадна олон, олон баримтат түшиглэсэн бүтээсэн байна. Мөн дан ганц танин мэдэхүйгээр өгөөж хүртээх бус төмөр замын тухай ойлголтыг сонирхолтой байдлаар хүүхдэд илүү сайн ойлгуулахын тулд дээр өгүүлсэн дүрүүдийн үйл явдлыг зохиомжилсон нь онцлог юм.
Б.Алтанхуяг