Энэ долоо хоногийн даваа гарагт Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод аялагч жуулчдын хамгийн их очдог газарт автомашин дэлбэрсэн. Уг ослын үеэр 12 хүн амь эрсдэж, 30 орчим хүн гэмтэж шархадсан юм.

Шинэ Делигийн цагдаа, мөрдөгчид хэргийг шалгаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл машин чухам яагаад дэлбэрснийг олж тогтоож чадаагүй байсан. Харин уг дэлбэрэлтийг террорист халдлага байж болзошгүй гэж мөрдөгчид үзсэн байна. Гэхдээ чухам хэн, ямар гэмт хэргийн бүлэглэл халдлагыг ямар сэдэлтэйгээр зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа юм.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр эмнэлэгт очиж халдлагын үеэр гэмтэж шархадсан хохирогчидтой уулзсан байна. Мөн Үндэсний аюулгүй байдлын газрын хуралдаан болсон. Хуралдаан дээр Засгийн газрын эрх баригчид Үндэсний аюулгүй байдлыг дутуу дулимаг ажиллаж, өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлээгүй, баривчилж чадаагүй байгааг шүүмжилсэн байна.

Нарендра Моди уг дэлбэрэлтийг зохион байгуулсан, үйлдсэн бүх гэмт этгээдүүдийг шударгаар шүүнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Энэ жилийн дөрөвдүгээр сард Энэтхэгийн аялал жуулчлын гол чиглэлүүдийн нэг Пахалгамд Энэтхэгийн 26 жуулчныг хороосон террорист халдлага гарсан. Уг халдлагыг Пакистан террористууд үйлдсэн гэж буруутгасан ч гэм буруутай этгээдийг олж илрүүлж чадаагүй. Энэтхэг, Пакистан хоёр улсын Кашмирын бүс дэх хилийн мөргөлдөөнийг өдөөсөн юм.

Энэ удаагийн террорист халдлага Шинэ Делигийн Улаан Цайз буюу Лал Килагийн орчимд гарсан. Hyundai i20 загварын машин даваа гарагийн орой 18:42 цагт замын гэрлэн дохион дээр дэлбэрсэн байна. Машин гэрлэн дохионы улаан гэрэл асах үед хөдөлгөөнөө сааруулж зогссоныхоо дараа гэнэт дэлбэрчээ.

Дэлбэрэлтийн дараа дахин халдлага гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон. Тиймээс Таж Махал зэрэг аялагч жуулчид их очдог өв соёлын өлгий болсон газрууд, нисэх буудлууд, галт тэрэгний буудлууд, төрийн байгууллагуудын барилгуудын хамгаалалтыг чангатгасан байна. Шинэ Дели дэх гадаад улс орнуудын элчин сайдын яамд ажилтнууд болон иргэддээ олон хүн цугласан газруудаас аль болох хол байх зөвлөмжийг өгч эхэлсэн юм.

Дэлбэрэлтийн дараа олон хүн цугладаг, аялал жуулчлалын гол чиглэлүүдэд улаан өнгийн аюулын дохио зарлаад байна. Машин дэлбэрсэн Улаан Цайз нь жил бүр олон сая жуулчид очдог газар юм. Моголын үеийн буюу 17 дугаар зуунаас улбаатай энэ газарт Энэтхэгийн үе үеийн Засгийн газрын сайд нар Тусгаар тогтнолын баярын өдөрт зориулж үг хэлдэг онцгой обьект ажээ.