
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-тай үргэлжилж буй дөрвөн жилийн дайны хугацаанд өөрт нь тулгарсан асуудлуудын талаар анх удаа ам нээжээ.
Тэрээр “би хамгийн сайн аав биш” гээд, урт удаан үргэлжилж буй дайны хугацаанд өөрт нь тулгарсан хувийн сорилтуудын талаар ярьжээ. Sky News-т өгсөн ярилцлагадаа тэрээр өөрийн албан үүрэг гэр бүлд нь нөлөөлсөн ч Украиныг удирдах нь түүний үүрэг байсан гэдгийг онцолжээ.
Тэрбээр эх орондоо энх тайван тогтоохын тулд юу ч хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж, гурван талт хэлэлцээний дараагийн шат ирэх долоо хоногт болох магадлалтай гэх мэдээллийг баталжээ.
“Дайны үед би хамгийн сайн аав биш болсон… Учир нь хүүхдүүддээ зориулах цаг хангалттай байхгүй” хэмээн хэлсэн байна.
“Би Украины ерөнхийлөгч. Би ажлаа харьцуулж үздэггүй. Миний сонголт бол үүрэг. Миний сонголт бол Украин. Тиймээс дайны үед би сайн аав байгаагүй гэж хэлсэн юм” гэжээ. Ерөнхийлөгч Зеленський өмнө нь аюулгүй байдлын шалтгаанаар дайны үеэр хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байгаа нь ямар хэцүү байдгийг ярьж байсан удаатай.
2022 онд Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Украины тэргүүн хатагтай Олена Зеленська ОХУ-ын Украинд хийж буй довтолгооны үеэр хүүхдүүд нь ааваасаа хол байх нь хүнд байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Хосууд 2003 онд Олександра хэмээн нэрлэсэн охин, 2013 онд Кирилло гэх хүүтэй болжээ.