
Ормузын хоолойд олон улсын худалдааны гурван ч хөлөг онгоц халдлагад өртсөний хариуд АНУ Ираны нутаг дэвсгэрт цуврал агаарын цохилт өгч эхэлсэн байна. АНУ-ын Төв командлал (Centcom) мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, олон улсын усан замаар зорчиж байсан худалдааны тээвэрт халдсаных нь хариуд энэхүү ажиллагааг эхлүүлсэн гэв.
Ираны Гадаад хэргийн дэд сайд АНУ-ын энэхүү үйлдлийг өнгөрсөн сард байгуулсан АНУ-Ираны харилцан ойлголцлын санамж бичгийг зөрчсөн явдал хэмээн буруутгаж, Тегеран "шийдвэртэй арга хэмжээ авах болно" гэж анхаарууллаа.
Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар Кешм арал, Бандар-Аббас болон Сирик хотуудад туссан пуужингийн хэлтэрхийд хэд хэдэн хүн өртөж бэртсэн ч одоогоор хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Саудын Араб болон Катар улсууд өөрсдийнх нь танкерууд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх үедээ халдлагад өртсөнийг мэдэгдэж, Ираныг шууд буруутгасан байна. Их Британийн Далайн худалдааны ажиллагааны алба (UKMTO)-ны мэдээлснээр, даваа гарагт нэгэн танкер үл мэдэгдэх пуужинд өртөж хөдөлгүүрийн хэсэгт нь гал гарсан бол мягмар гарагт дахин хоёр танкер халдлагад өртөж, бага зэргийн эвдрэл авсан аж.
АНУ цохилт өгөхөөс хэдхэн цагийн өмнө тус улсын Сангийн яамнаас Ираны газрын тосны экспортод тавиад байсан хоригийг түр хугацаанд цуцалсан шийдвэрээ хүчингүй болголоо. Энэхүү зөвшөөрөл нь өнгөрсөн сард хоёр орны хооронд байгуулсан 14 заалт бүхий гал зогсоох харилцан ойлголцлын санамж бичгийн салшгүй хэсэг байсан юм.
Уг санамж бичигт Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг бүрэн хориглож, улс орныг нь сэргээн босгоход зориулж 300 тэрбум ам.долларын сан байгуулахаар тусгасан.