Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Манай улсад шинэ төрлийн тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн таван жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн хоёр жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.
Гэмтэл, согог судлалын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг цахилгаан дугуй, скүүтерээс үүдэлтэй осол, гэмтлийн нөхцөл байдлын талаар таницлуулсан юм. Тэрээр сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер зэргийг тээврийн хэрэгсэл болгон замын хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах явдал нэмэгдэж байна. 2022-2024, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедноос үүдэлтэй нийт 985 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн энэ төрлийн осол гэмтэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдолын 39 хувь нь 10-19 насны хүүхдүүд эзэлж байна. Нийт тохиолдлын 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байна. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алдсан. Нийт тохиолдлын 95.1 хувь нь тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа хамгаалалтын малгай хэрэглээгүй байна хэмээн танилцуулаад цаашид хууль эрх зүйн оновчтой зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна гэв.
Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат, цахилгаан дугуй, скүүтер тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын талаар илтгэлээ. “Жэт” ХХК-ийн скүтерийг 4500-5000 хүн, "Табо трип эжэнси" ХХК-ийн скүтерийг 12900 хүн, "Эко технологи" скүтерийг өдөрт дунджаар 11150 хүн ашиглаж байгаа ажээ.