
Hyundai Motor, Kia Corp болон BMW Korea компаниуд программ хангамжтай холбоотой үйлдвэрлэлийн доголдлын улмаас нийт 179 880 автомашиныг сайн дурын үндсэн дээр эргүүлэн татахаар болсныг БНСУ-ын Зам, тээврийн яамнаас мэдэгдлээ.
Яамны мэдээлснээр, Hyundai Motor компани Porter II Electric загварын 36 603 автомашиныг программын алдаанаас шалтгаалан эргүүлэн татаж байна. Уг алдаа нь тоормосны ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй гэжээ. Эргүүлэн татах уг ажиллагаанд нийт 51 загварын машин хамаарна.
Мөн тус компани Grandeur, Sonata зэрэг 20 загварын 39 148 автомашинд хяналтын самбарын удирдлагын системтэй холбоотой программын доголдол илэрсэн тул засвар хийхээр болсон байна.
Kia компани ч мөн адил Bongo III цахилгаан автомашины 25 078 ширхэгийг программын асуудлаас болж эргүүлэн татна. Энэхүү доголдол нь мөн тоормосны гүйцэтгэлийг сулруулах эрсдэлтэй гэж тайлбарлажээ. Үүнээс гадна, Kia-ийн өөр 16 загварын 69 137 автомашиныг ижил төстэй программын алдааны улмаас мөн эргүүлэн татах юм.
Харин BMW Korea компани агааржуулагчийн компрессорын удирдлагын блок дахь программын доголдлын улмаас i5 eDrive40 зэрэг 13 загварын 9 914 автомашиныг эргүүлэн татахаар болжээ.