Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө орчимд чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж эхэлжээ.
Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр нийтийн тээвэр дунджаар 10-13 км.цаг хурдтай явах боломж бүрдэнэ.
Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа “Хичээлийн шинэ жил эхлэхэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан шуурхай баг ажиллаж байна. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Мөн нэгдүгээр эгнээнд байршуулсан хяналтын камерыг бүрэн ажиллуулж, камерын нэгдсэн систем, удирдлагын ухаалаг технологийг ашиглан хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа. Улмаар түр болон удаан хугацаанд зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ бүхий газар нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулж хөдөлгөөнд саад учруулсан бол арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ тал дээр Замын хөдөлгөөний оргил ачаалалд гол нөлөө үзүүлдэг 15 байршилд тээврийн цагдаагийн 37 байнгын алба хаагч, 39 ачигч, техник хэрэгслийг бэлэн байдалтай ажиллуулж, хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа. Мөн Нийтийн тээврийн бодлогын газраас 38 албан хаагч автобусны буудлуудад зөвшөөрөлгүй зогссон, түр зогссон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн автомашины техник хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамрагдаагүй, тэнцээгүй, татвар, даатгал, торгууль авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг эрхийг хязгаарлах хяналт шалгалт хийж байгаа аж.