
Япон улс хэт халуунтай тэмцэж буй энэ үед Токиогийн нэгэн амьтны хүрээлэнгийн гурван эм арслан халууны нөлөөнөөс үүдэлтэйгээр үхжээ.
Тэдгээр арслангууд Токиогийн баруун хэсэгт байрлах Tama Zoological Park амьтны хүрээлэнд долоо хоногийн дотор дараалан үхсэн байна. Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр, арслангуудад хийсэн задлан шинжилгээгээр шингэний дутагдал (усгүйжилт) болон олон эрхтний үйл ажиллагааны дутагдал илэрсэн нь халуун гол шалтгаан байж болзошгүйг харуулжээ.
Амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Мива Косака BBC-д өгсөн тайлбартаа "Бид өмнө нь ийм зүйлтэй огт тулгарч байгаагүй. Өнгөрсөн жил ч халуун байсан ч манай арслангуудаас нэг нь ч ингэж өвдөөгүй" хэмээн ярьжээ.
Японд зуны улирал жилээс жилд илүү халуун, аюултай болж байна. Зарим хотод агаарын температур 40 хэмээс дээш хүрдэг өдрүүдийг "харгис халуун өдөр" гэж нэрлэх болсон байна.
Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр Мүги нэртэй 3 настай эм арслан долоодугаар сарын 19-нд хоолондоо дургүй болж, маргааш нь босож чадахгүй болсон байна. Ажилтнууд түүнийг сэрүүцүүлэхийн тулд агааржуулалт өгч, ус хэрэглэн хөргөж, дараа нь арьсан доорх шингэн, элэг хамгаалах бэлдмэл болон амин дэм тарьсан ч долоодугаар сарын 28-нд үхжээ.
Ичиго нэртэй 11 настай эм арслан долоодугаар сарын 31-нд үхсэн бол, Луэна нэртэй 15 настай эм арслан өнгөрсөн ням гарагт үхсэн байна.
Гурван арслангийн задлан шинжилгээгээр бүгдэд нь биеийн шингэн их хэмжээгээр алдагдаж, олон эрхтний дутагдал илэрсэн нь халууны стресс гол нөлөө үзүүлсэн байж болзошгүйг харуулжээ. Гэхдээ эцсийн үхлийн шалтгааныг лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа тогтоох юм байна.
Амьтны хүрээлэнгийн даваа гарагийн мэдэгдэлд “хоёр эр, нэг эм нийт гурван арслан одоо хүртэл бие нь муу, босож чадахгүй байгаа, тэдэнд шингэн, эм, амин дэм өгч эмчилж байгаа” гэдгийг дурджээ.
Косакагийн хэлснээр зарим арслангийн биеийн байдал аажмаар сайжирч байгаа аж. Мөн дөрвөн арслан эдгэрэх шинж тэмдэг үзүүлсэн бол зургаан арслан анхнаасаа эрүүл байсан байна. Эдгээр арсланг зөөврийн агааржуулагч болон үйлдвэрлэлийн зориулалттай том сэнс бүхий тусгай хашаанд байрлуулах аж.
Токиогийн Их сургуулийн мал эмнэлгийн профессор Хидэаки Караки Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа өндөр чийгшил арслангийн биеийн температурыг зохицуулах чадварыг ихээхэн муутгадаг талаар тайлбарлажээ.
Арслан хүн шиг хөлс ялгаруулдаггүй. Харин гүнзгий амьсгалж амьсгалын замаар чийгээ ууршуулснаар биеэ хөргөдөг байна. Гэвч агаарын чийгшил өндөр үед ууршилт хангалттай явагддаггүй тул биеийн температур буурч чаддаггүй аж.
Мөн долоодугаар сарын дундуур агаарын температур гэнэт огцом өссөн нь арслангуудад халуунд дасан зохицох хугацаа олгоогүй байж болзошгүй гэж тэр нэмж хэлжээ.
Тама амьтны хүрээлэн нь нийт 260 орчим төрлийн амьтан тэжээдэг бөгөөд 1964 оноос хойш арслан үржүүлэн үзүүлж ирсэн нь тус хүрээлэнгийн гол үзмэрүүдийн нэг аж. Тус хүрээлэнгийн цахим хуудсанд дурдсанаар, жуулчид арслангуудыг хашаанд нь ойроос харах зориулалттай сафари автобусны үйлчилгээ ажилладаг байна. Гэвч өнгөрсөн сард гэнэтийн халалтын давалгаа арслангуудыг өвчлүүлсэн тул арслангийн үзэсгэлэн болон сафари автобусны үйлчилгээг түр хугацаагаар зогсоожээ.