Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын наадмын мөнгөн медальт, даяар дуурсагдах далай даян Дархан аварга, профессор Жигжидийн Мөнхбат агсны хөшөөг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно нээлээ.
Хавт дүр, суу алдрын сод бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын хүчит бөхийн алдартнууд оролцлоо.
Дархан аваргын хүү М.Даваажаргал "Өнөөдөр миний хайртай аавын хөшөөг монгол түмэндээ таниулах билэгт сайхан өдөр болж байна. Энэ бүхнийг санаачлан хийсэн та бүхэндээ маш их баярлалаа. Миний хайртай ээж, аавын минь эмэгтэй дүү өнөөдөр энэ сайхан хөшөөний нээлтэд оролцож байна. Аав минь Төв аймгийн Эрдэнэсант суманд Хадан хошуу гэдэг газар мэндэлсэн. Үндэсний бөхөөр барилдаж монгол түмэндээ хүндлэгдсэн аав минь олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. 1968 оны олимпын наадмаас чөлөөт бөхөөр мөнгөн медаль авсны дараа олон улсад "Чингисийн Монгол" сэрлээ гэж бичиж байлаа. Тухайн үед олимпын аварга болох хэмжээний барилдааныг үзүүлж байв. Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр гарамгай сайхан барилдаж түүх бүтээсэн аав маань намайг бөхийн спортоор хичээллэхэд нөлөөлсөн. Аавын минь үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуулиас үндэсний бөхийн хүчтнүүд болон олимпын алдартнууд олноор төрөн гарсан. Аавын минь хөшөөг Төв цэнгэлдэхийн хажууд байрлуулах болсонд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгч нарт баярлаж талархснаа илэрхийлмээр байна. Өнөөдрийн энэ сайхан үйл явдлын гэрч болсон та бүхэндээ маш их баярлалаа. Ааваа би таны үргэлжлэл" гэв.

Далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны цээж баримлыг өмнө нь 2023 онд түүний төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд босгож байжээ. Энэ удаа гэр бүл үр хүүхдүүдээс нь Улаанбаатар хотод байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна гэрэлт хөшөөг босголоо. Уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урлажээ.

Олимпын наадмын түүхэнд чөлөөт бөхийн спортоор анхны медалийг эх орондоо авчирсан Ж.Мөнхбат араас олон алдартан дагуулсан. Олимпын хүрэл медальт, Ардын багш, Хөдөлмөрийн баатар, “Хангайн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагч Ч.Дамдиншарав нарын алдартнууд энэ үеэр түүнтэй холбоотой нандин дурсамжаа дэлгэж байв. Жигжидийн Мөнхбатын гэрэлт хөшөөний нээлтийг тохиолдуулан их аваргын түүхэн замналын фото үзэсгэлэнг нээж бөхийн хорхойтон түмний хүртээл болголоо.
Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд "Хадан" хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 11 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Хүүг төрөөд удаагүй байхад нагац ах Жигжид нь үрчилж авчээ. Эрдэнэсант сумын долоон жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн техникум улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна. 1960 онд Санхүүгийн техникумд сурч байхдаа сумын заан болоод дараа жил нь 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байжээ.

Ж.Мөнхбат Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн (олимпын аварга Хасан Гюнгёрыг ялав) бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.
Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд зургаан удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь даван түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн.
Цагаан сарын барилдаанд нийтдээ зургаан удаа түрүүлж бүх бөхчүүдээс .Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх араас гуравт орох амжилт үзүүлжээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л гуравт орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.
