Монголбанкны Мөнгөний бодлогын хороо нь макро зохистой бодлогын асуудлыг тусгайлан хэлэлцсэн анхны хурлаа 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийлээ. 

Энэ удаагийн хурлаар гадаад болон дотоод орчны төлөв, банк, санхүүгийн салбарт үүсч болзошгүй эрсдэлийг харгалзан үзсэний үндсэн дээр макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна.

Тухайлбал, системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд, банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа энэ үед макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах нь чухал гэж үзжээ.  

Банкны салбарын зээлийн жилийн өсөлт саарч байгаа боловч харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байна. Зээлийн өсөлтийн бүтцийг авч үзвэл хэрэглээний зээлийн өсөлт илүүтэйгээр саарч, бизнесийн зээлийн өсөлт өндөр түвшинд хэвээр байна. Улмаар цаашид хэрэглээний зээлийн чанарт анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд санхүүгийн зах зээлийн цахим шилжилт, санхүүгийн захын хөгжилтэй уялдуулан зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах чиглэлд ажиллана. Мөн зээл олгогч санхүүгийн байгууллагуудаас зээлийн мэдээлэл цуглуулах, шинэчлэх, мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах нь зээлийн эрсдэлийг хязгаарлах, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг болно. Түүнчлэн, цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ хэмээн Монголбанкнаас мэдээллээ.