
Ирэх сард болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Энэтхэгийн сая сая хөгжөөн дэмжигч үзэж чадахгүй байх эрсдэл нүүрлээд байгаа энэ үед FIFA-гийн албаныхан телевизийн дамжуулалтын гэрээг эцэслэхээр Энэтхэгт ажиллаж байна.
Дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага тэмцээний дамжуулалтын гэрээг одоог хүртэл байгуулж чадаагүйн гол шалтгаан нь үнийн асуудлаарх томоохон зөрүү аж.
Энэхүү гацаанаас болж ДАШТ зургадугаар сарын 11-нд эхлэх гэж байхад дамжуулалтын дэд бүтэц байгуулах, сурталчилгааны эрх борлуулахад ердөө гурван долоо хоног үлдээд байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногт ижил төстэй маргааныг эцэслэн телевизийн гэрээ байгуулсан Хятадынхаас эрс ялгаатай нөхцөл болжээ.
FIFA-гийн төлөвлөгөөг мэдэх эх сурвалжуудын мэдээлснээр медиа эрхийн удирдлагууд Энэтхэгт байгаа ч уулзалтын агуулга, хэлэлцэх асуудал нь нууц хэвээр байна. FIFA-аас Ройтерс агентлагт өгсөн мэдэгдэлдээ 180 гаруй нутаг дэвсгэрт гэрээ байгуулсан, Энэтхэг дэх медиа эрхийн хэлэлцээ үргэлжилж байгаа ч “энэ шатанд нууц хэвээр байх ёстой” гэжээ.
Өмнөх мэдээллүүдэд Энэтхэгийн хамгийн том медиа компани болох Reliance-Disney хамтарсан компани болон FIFA-гийн хоорондын яриа хэлэлцээ гацаанд орсон гэж дурдсан юм.
Тэрхүү хамтарсан компани FIFA-гийн эрхийн төлөө 20 сая ам.доллар санал болгосон байна. Харин FIFA анх 100 сая ам.доллар хүсэж байсан бол сүүлд 60 сая ам.доллар авах зорилготой байсан нь маргаан үүсэхэд хүргэсэн талаар Ройтерс мэдээлжээ.
Энэтхэгийн зах зээл дэх өөр нэг том тоглогч болох Сони уг тендерт оролцоогүй байна.
Тэрбумтан Мукеш Амбанигийн удирддаг Reliance-Disney хамтарсан компани FIFA-тай уулзалт товлогдсон эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Крикет спорт давамгайлдаг ч Энэтхэгт хөлбөмбөг асар олон дагагчтай бөгөөд Deloitte болон Google-ийн 2024 оны тайланд дурдсанаар ойролцоогоор 85 сая хөгжөөн дэмжигчтэй аж. Харин крикетийн хөгжөөн дэмжигчдийн тоо 492 сая байна.
2022 оны ДАШТ-ий үеэр Энэтхэг дэлхийн шугаман телевизийн нийт үзэгчдийн 2.9 хувийг бүрдүүлж байсан нь боломжит асар том үзэгчдийн хүрээг харуулж байна.
ДАШТ АНУ, Мексик, Канад улсад зохион байгуулагдах бөгөөд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ.
Нээлтийн тоглолтод хамтран зохион байгуулагч Мексик улс Өмнөд Африктай Мехико хотод тоглохоор болсон байна. Энэ нь 2010 оны ДАШТ-ийг эхлүүлж байсан тоглолтын давталт болох юм.
Томас Тучел дасгалжуулагчтай Английн хөлбөмбөгийн үндэсний баг зургаадугаар сарын 17-нд Техаст Хорваттай эхний тоглолтоо хийх бөгөөд дараа нь Гана болон Панамтай хэсгийн шатанд тоглоно.