
Сөүл хотын шүүх K-pop-ийн BTS хамтлагийн гишүүн Жон Гүк болон Өмнөд Солонгосын бизнесийн удирдлагуудыг онилсон хакерын ажиллагааг удирдсан Хятадын иргэнд 20 жилийн хорих ял оноожээ.
Сөүл хотын төв дүүргийн шүүх Хятадын Чун овогтой иргэнд залилан мэхэлсэн болон мэдээллийн сүлжээний тухай хуулийг зөрчсөн хэргээр ял оноосон байна. Түүнийг гэмт хэргийн улмаас хохирогчдоос нийт 38 тэрбум гаруй вон буюу 27.2 сая ам.доллар завшсантай холбогдуулан буруутгажээ.
Шүүх “Чун нь чинээлэг хүмүүсийг онилон, тэдний хөрөнгийг хулгайлсан. Дуудлагын залилангийн хэргүүдээс ялгаатай нь хохирогчид өөрсдөө ямар ч гэм буруугүй атлаа хөрөнгөө алдсан” гэж мэдэгдсэн байна.
Мөн Чун хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж буйгаа харуулаагүй гэж шүүх нэмжээ.
Чуныг 2023 оны наймдугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл гадаадын улс орнууд, тэр дундаа Тайландад үйл ажиллагаа явуулж байсан гэмт хэргийн бүлэглэлийн бүрэлдэхүүнд орж, хохирогчдын хувийн мэдээллийг цуглуулсан, тэдний нэр дээр гар утасны дугаар идэвхжүүлсэн, улмаар данснаас нь хөрөнгө шилжүүлсэн хэрэгт буруутгасан байна.
Мөрдөн шалгалтын явцад хакеруудын бай болгосон хүмүүсийн дунд BTS-ийн Жон Гүк болон томоохон конгломератын нэгэн бизнесийн магнат багтсан нь тогтоогджээ.
Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр хакерын бүлэг Жон Гүкийн харьяалагддаг BigHit Music агентлагийн толгой компани болох HYBE-д эзэмшдэг хувьцаанаас нь 8.4 тэрбум воны үнэ бүхий хувьцааг хулгайлахыг оролдсон байна.
Харин агентлаг шуурхай арга хэмжээ авсны үр дүнд Жон Гүк хөрөнгөөрөө хохироогүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.