
Хүүхдийн уран зохиол гэгчийг бид ихэвчлэн энгийн, гэгээлэг, амархан уншигдах ёстой бүтээлүүдээр төсөөлдөг. Гэвч үнэндээ хүүхдийн сэтгэл хамгийн нарийн, туйлын эмзэг орон зай учраас тэнд худал өнгө, хиймэл драм тэсдэггүй.
Патрисия МакЛаклан бол энэ эмзэг орон зайг нөхөж бичдэг зохиолч. Түүний өгүүлбэрүүд богино, үгс нь цөөн атлаа хоорондынх нь чимээгүй өгүүлэмжид гүн гүнзгий утга агуулагдана.
Ньюберигийн медальт, Америкийн хүүхдийн уран зохиолын сонгодог төлөөлөгч тэрээр 1938 оны эл өдөр мэндэлжээ. Ийнхүү түүний онцлох таван номыг танилцуулъя.
SARAH, PLAIN AND TALL (1985)
Уг роман бол зохиолчийн хамгийн алдартай, Ньюберигийн медаль хүртсэн бүтээл. Эхийгээ алдсан хоёр жаал болон тэдний аав нь шинэ эхнэр авах зар тавьж, Сара хэмээх эмэгтэй гэрт нь ирдэг. Тал нутгийн салхи, нам гүм орон зай дунд дасан зохицох, хайрлах, айх мэдрэмжүүд энгийн өгүүлбэрээр урлажээ.
МакЛаклан илүү үг хэрэглэдэггүй агаад дүрүүдийн дотоод гуниг, итгэл найдварыг тодорхой урлахдаа гарамгай нэгэн. Гэр бүл гэдэг цусны холбоо бус харин сонгож бүтээдэг харилцаа болохыг энэ номд өгүүлнэ.
SKYLARK (1994)
Дээрх номын үргэлжлэл болох эл бүтээлд ган гачигтай он жилүүдийн шалгуур гарч ирнэ. Байгаль хатуу ширүүн болохын хэрээр гэр бүлийн гишүүдийн тэвчээр, итгэлийг сорино. Сара хүүхдүүдийг аюулгүй газар хүргэхийн тулд түр холдох шийдвэр гаргадаг.
Хүүхдүүд ахин эхдээ орхигдох айдсаа давж, хайрын бат бөх чанарыг ойлгож эхэлнэ. МакЛаклан байгалийн дүрслэлээр дамжуулан хүний сэтгэлийн ган гачгийг давхар илэрхийлжээ.
CALEB'S STORY (2001)
Гурвалсан цувралын гурав дахь хэсэгт өгүүлэмж нь хүү Калебийн өнцгөөс илүү тодорч эхэлнэ. Өсөж томрох тусам тэр өөрийн өнгөрсөн хийгээд төрсөн эхийнхээ талаарх шинэ асуулттай нүүр тулна.
Гэр бүлийн үнэ цэн, үнэнч байдал, уучлалын тухай сэдэв уг номд улам гүнзгийрдэг. Өсвөр насны хүүхдийн дотоод эргэлзээ, өөрийгөө таних замыг аядуухан өгүүлэмжээр хүүрнэжээ. Энэ бол хүүхэд наснаас насанд хүрэх заагийг нарийвчлан буулгасан зохиол юм.
JOURNEY (1991)
Харин уг бүтээлд ээж нь гэр бүлээ орхин явсны дараах гол дүрийн хүүгийн дотоод шаналал, эмзэглэлийг харуулна. Жэнни хүү болсон явдлыг үгүйсгэж, зураг зурах замаар бодит байдлаас зугтдаг. Өвөө нь харин түүнийг үнэнийг хүлээн зөвшөөрөх зам руу аажмаар хөтөлдөг.
МакЛаклан гунигийг драматик бус тэсвэр тэвчээр гэх байдлаар дүрсэлдэг. Эцэст нь хүү дурсамжийг үгүйсгэхээс илүүтэй хүлээн зөвшөөрөх замаар эдгэрч эхэлдэг.
BABY (1993)
Нэгэн гэр бүлийн хаалга дээр нэр усгүй нялх хүүхдийг орхисон өгүүлэмжээр үйл явдал эхэлнэ. Хүүхдүүд мөнөөх нялх жаалыг түр зуурын зочин бус жинхэнэ гэр бүлийн гишүүн мэт хайрлана. Гэвч жинхэнэ ээж нь буцаж ирэхийг үгүйсгэхгүй.
Түр зуурын аз жаргал, хагацалын айдас тус бүтээлийн хуудаст зэрэгцэн оршино. МакЛаклан хайр гэдэг өмчлөх бус хамгаалж чаддаг сэтгэл болохыг харуулдаг.