
“Digital 2026: Mongolia” тайланд дурдсанаар 2025 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улс 2.93 сая интернэт хэрэглэгчидтэй байна.
Манай улсын сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.7 сая болж 2024 оноос 200 000 хэрэглэгчээр өссөн нь сошиал платформуудын нөлөө улам гүнзгийрч буйг харуулав.
Интернэт хэрэглэгчдийн 92.2 хувь нь дор хаяж нэг сошиал медиа платформ ашигладаг нь сошиал медиа хэрэглээ интернэт хэрэглээтэй тэнцүү шахам болж байгааг харуулж байна. 18 ба түүнээс дээш насныхны дунд сошиал медиа нэвтрэлт 121.6 хувь хүрчээ. Сошиал медиа платформуудын хэрэглээг задлавал, фэйсбүүк сүлжээ хамгийн өргөн хэрэглээтэй “толгой цохисон хэвээрээ” буюу 2.7 сая идэвхтэй хэрэглэгчтэй. Инстаграм 1.2 сая хэрэглэгчтэй. Инстаграм хэрэглэгчид 18-аас дээш насныхны дунд 54 хувийн нэвтрэлттэй. Харин X (хуучнаар Twitter) 139 000 хэрэглэгчтэйгээс эрэгтэй хэрэглэгчид 67.8 хувийг эзэлдэг гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Олон янзын тоо дурдаж буйн учир нь УИХын гишүүн Р.Эрдэнэбүрэн Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтээс санал авч буйтай холбоотой. Уг хуулийн төслийг хэр хугацаанд боловсруулсан нь тодорхойгүй ч нэрнээсээ эхлээд fail-джээ. “Инфлюзер” гэж бичих нь дуудлагын хувьд ойролцоо сонсогдож болох ч англи influencer үгийн зөв галиглалд илүү түгээмэл хэрэглэгддэг хэлбэр нь инфлюнсер юм. Нөгөө талаар, инфлюнсерийн ангилал, бүртгэлийн асуудлыг оруулж ирсэн нь маргаан дагуулахаар зүйлчлэл болжээ.

Influencer гэх нэршил анх 1664 онд “Нөлөө үзүүлдэг хүн эсвэл зүйл” гэх утгаар хэрэглэгдэж, 1968 онд маркетингт “Тодорхой бараа, үйлчилгээ худалдан авахтай холбоотой бусдын шийдвэрт нөлөөлөх чадвартай хүн” болж, 2007 оноос интернэт болон сошиал медиаг ашиглан олонд танигдсан, мөн өөрийн нэр хүнд, танигдсан байдлаа ашиглан тодорхой бүтээгдэхүүн, брэнд зэрэгт сурталчилгаа хийх, дэмжих, сонирхол татах зорилгоор ажилладаг хүн. Ихэвчлэн төлбөртэйгөөр ийм үйл ажиллагаа явуулдаг нэгнийг нэрлэх зэргээр хөгжжээ.
2022 онд Michaelsen тэргүүтэй судлаачид инфлюнсерийг “Арилжааны зорилготой контент бүтээгч бөгөөд аудитортойгоо итгэлцэл болон бодит мэт харилцаа бий болгож (ихэвчлэн сошиал медиа платформ дээр), мөнгөжүүлэх зорилгоор төрөл бүрийн бизнесийн загвараар арилжааны оролцогчидтой онлайн харилцаанд ордог хүн” гэж тодорхойлжээ.

Европын комисс виртуал оролцогчдыг инфлюнсерийн тодорхойлолтод багтаан “Инфлюнсер гэдэг нь ерөнхийдөө тухайн платформ дээр дунджаас өндөр оролцоотой бодит хүн эсвэл виртуал нэгж” гэж тайлбарласан байна. Олон улсад инфлюнсер гэх тодорхойлолтод арилжааны зорилгогүй инфлюнсерүүдийг ч хамруулдаг. Ихэнхдээ инфлюнсер гэхийн оронд контент бүтээгч гэх нэр томьёог ашигладаг. Энэ нь аудиторт нөлөөлөхөөс илүү бүтээлч байдлыг онцлох хүсэлтэй холбоотой нэршил юм. Тэгэхээр уг хуулийн төсөлд заасан шигээр мэргэжлийн, давхар ажил эрхэлдэг гэхчлэн ангилах нь зөвхөн арилжааны чиглэл, ашиг орлогын төлөөх бүлэгт зориулагдсан, орчноо бүрэн судлаагүй ангилал болж орж иржээ. Монголд ч хиймэл оюун ухаанаар бүтээсэн, суурилсан виртуал инюлюнсерүүд бий болсныг мартаж орхисон бололтой. Live хийн онлайн захиалга авдаг худалдаа эрхлэгчид ямар төрлийн инфлюнсер болох вэ гэхчлэн ангиллын ойлголт нь өөрөө төөрөлдүүлэхээр байна.

Олон улсад ч энэ жишгээр инфлюнсерүүдтэй холбоотой ихэвчлэн сурталчилгаа, хариуцлагын асуудлыг зохицуулдаг.
Инфлюнсерийн хуулийг батлан хэрэгжүүлсэн ердөө таван улс бий.
Ихэнх улс орнууд контент бүтээгчдийг тусгайлан Инфлюнсерийн тухай хуулиар бус, харин хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгаа болон худалдааны тухай мөрдөгдөж буй хуулиудаараа зохицуулдаг.
Инфлюнсерүүдэд зориулсан тусгай хуультай орнууд нь инфлюнсерийг албан ёсоор тодорхойлж, тэдэнд зориулсан өвөрмөц хууль эрх зүйн үүрэг бий болгосон тусгай хууль баталжээ.
Франц: 2023 онд баталсан анхдагч “Influence Law” буюу Нөлөөллийн хууль нь инфлюнсерийг хууль ёсоор тодорхойлж, арилжааны харилцааг зохицуулж, тодорхой бүтээгдэхүүнүүдийн (эмчилгээний үйлчилгээ болон никотин зэрэг) сурталчилгааг хориглож, хиймэл оюун ухаан (AI)-аар өөрчилсөн зургуудыг заавал тэмдэглэхийг шаарддаг.
БНХАУ: Cyberspace Administration of China (CAC)-ийн удирддаг хамгийн хатуу зохицуулалттай. Хятадын Цахим орон зайн захиргаа CAC нь инфлюнсерүүд эмчилгээ, хууль зэрэг мэргэжлийн сэдвээр албан ёсны баталгаажсан мэргэшилгүй бол ярилцахыг хуулиар хориглодог.
Испани: Аудио-визуал харилцааны тухай хууль нь томоохон инфлюнсерүүдийг онцгой ач холбогдолтой хэрэглэгчид гэж ангилдаг. Контент бүтээгчид үндэсний бүртгэлд бүртгүүлж, зар сурталчилгаа болон насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах хатуу дүрмийг мөрдөх ёстой.
Австри, Нидерланд: Энэ хоёр улс хүүхдийн сошиал медиа хэрэглээг хориглох, мөрийтэй тоглоом болон бүтээгдэхүүний сурталчилгаанд хатуу хязгаарлалт тавих зэрэг тодорхой асуудалд чиглэсэн дижитал зохицуулалтуудыг хэрэгжүүлжээ.
Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг харвал дээр дурдсан орнуудын хуулийн заалтуудаас авч, зүйчлэн зааж өгсөн бололтой.
Хүүхдэд
чиглэсэн өндөр эрсдэлтэй сурталчилгааг хориглох
Сүүлийн жилүүдэд маш чухал болсон чиглэл.
Францын Нөлөөллийн хууль, Их Британи, Европын холбооны Дижитал үйлчилгээний
журамд мөрийтэй тоглоом, эрсдэлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, насанд тохироогүй
бүтээгдэхүүн, гоо сайхны процедур зэрэгт хүүхдэд чиглэсэн сурталчилгааг хязгаарлах
хандлага хүчтэй байдаг.
Хариуцлага,
хамтын ажиллагааны баримт нотолгоог хадгалах
Зар сурталчилгаатай холбоотой ямарваа нэгэн
асуудал үүсэхэд инфлюнсер хариуцлага хүлээх үү, төөрөгдүүлсэн мэдээлэл аль
талын хариуцлага вэ гэхчлэн гомдлын механизмыг эзэнжүүлэхэд Зар сурталчилгааны
гэрээ, төлбөрийн баримт, ивээн тэтгэгчийн мэдээллийг хадгалах шаардлага олон
улсад байдаг. Гэхдээ дэлхий нийтээр хэд хэдэн салбарт инфлюнсер маркетинг
бууралт үзүүлж эхэлсэн. Тодруулбал, масс үйлдвэрлэлийн зах зээл хэрэглэгчдийн
зан төлөвтэй холбоотойгоор буурчээ. Ямар ч зах зээлд зөвхөн үйлдвэрлэгчид,
бүтээгчид түрүүлдэг бус хэрэглэгчдийн зан төлөв, сонирхол түрүүлж өөрчлөгдөх нь
бий. Инфлюнсерүүдийн зах зээлд ч хэрэглэгчид хэт төгс байдал, далд
сурталчилгааны агуулга нь ихэдсэн контентууд, хуурамч дагагч, ижил төрлийн
контент олшрох зэргийг анзаарч тухайн инфлюнсерийг дагахаа болих зэргээр
хэрсүүжих болсон.

2021-2022 оны үед эрчээ авч байсан крипто инфлюнсер маркетинг хүчтэй өссөн ч удалгүй огцом унасан. Шалтгаан нь санхүүгийн эрсдэлийг нуух, төөрөгдүүлэх мэдээлэл агуулсан зэрэг асуудлууд нь өөрсдөө илчлэгдсэн явдал байв. Харин одоо гоо сайхан, эрүүл амьдралын хэв маягт хамаарах салбар сорилттой тулгарч эхэллээ. Детох бүтээгдэхүүнүүд, эрчимтэй тураах дэглэмүүд, “ид шидтэй” нэмэлт бэлдмэлүүд, гоо сайхны бүтээгдэхүүний хэт дөвийлгөсөн хуурмаг сурталчилгаа зэрэг нь инфлюнсерийн чиглүүлэгтэй сегментэд буурч эхлэв.
Дээр дурдсан бүх бууралт нь хэрэглэгчдийн мэдлэг мэдээлэл өдрөөс өдөрт сайжирч, сурталчилгааны шинжтэй контентуудад илүү хэрсүү ханддаг, мэдрэг болсонтой шууд холбоотой. Хэрэглэгчид өөрчлөгдөхийн хэрээр энэ зах зээл ч хувьсаж платформууд алгоритмаа өөрчлөх болжээ.
ТикТок, Инстаграм, ЮТүбийн алгоритм илүү энтертайнмент хэлбэрийг дэмжиж, сонирхолтой, хөгжилтэй байдлаараа хүмүүсийг татаж байгаа эсэхийг үнэлдэг болж, хэрэглэгчдийн хэр удаан “барьж” чадаж байгааг дүгнэдэг болсон байна.
Тухайлбал, тухайн контентод хэр их emotion цугларав, бүтэн үзсэн үү, дараагийн контент руу шилжиж байна уу, дахин үзэж байна уу гэдэгт анхаарч алгоритмээрээ хэмжих гэхчлэн өөрчлөгджээ. Үүнийгээ дагаад санал болгох зүйлс ч өөрчлөгдөв. Эндээс л олон улсад инфлюнсерийн зах зээл, харилцааг тухайлан хуульчлалгүй бусад дүрэм, журмаар зохицуулах байдлаар шийдэж байгаа хэрэг.
Манай улсын хувьд сошиал сүлжээнд олон асуудал үүсэж, зарим нь гэмт хэргийн шинжтэй болж, эсвэл гэмт хэрэг өдүүлдэг ч тухайлсан хууль, журмаараа зохицуулагдаж, шаардлагатай үедээ шинэчлэгдэж ирсэн. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгаанд тавигдах нийтлэг зарчмыг өртгөтгөн хуульчилж, тавигдах шаардлага, хориглох зүйлсийг тусгайлан зохицуулжээ.
Үүнд,
- Зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон
нийтэд эм сурталчлах
- Эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах
- Эмийг зүй бус,
бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах
- Иргэн,
хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох,
дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах
- Эрүүл мэндийн нэмэлт
бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж төөрөгдөлд оруулсан
байдлаар сурталчлах гэхчлэн олон шинэчлэлт орсон.
Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам өнгөрсөн оны дөрөвдүгээр сард батлагдаж цахим орчинд контент байршуулагч, эцэг эх, боловсролын байгууллага, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, төрийн байгууллагуудын хүүхдийг хамгаалахад чиглэсэн тодорхой арга хэмжээг нарийвчлан зааж өгсөн. Нэмээд Зар сурталчилгааны тухай, Цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хууль гэхчлэн олон хууль, журам өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам ч 2024 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Манай улсын хувьд инфлюнсерүүдийн орчинг, харилцааг зохицуулах хууль нэн шаардлагатай юу гэвэл зах зээл, инфлюнсерүүдийн тоо, хэрэглэгчдийн тоо гэхчлэнгээ бодитоор харвал, үүнээс үүдэлтэй сөрөг нөлөөллөө харвал цаг үеийн чухал зохицуулалт болохгүй л болов уу. Үнэхээр хэрэгтэй гэж үзэж байвал олон улсын хуулиудаас чимх чимхээр авч эвлүүлэлгүй улсынхаа онцлогт тохирсон, гарч буй асуудлуудаа оносон зүйл заалт боловсруулах шаардлагатай.
