
Буйр нуурын эргээс 560 метрийн зайд, 3 метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай, аяны зориулалттай завийг илрүүлж, нуурын эрэгт татан гаргажээ. Улмаар холбогдох иргэнд хүлээлгэн өгсөн байна.
Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц, бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг наймдугаар сарын 22-ноос энэ сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж буй.
Тус хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалтыг хийжээ. Улмаар гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон “Chasing” усны дронуудыг ашиглан усны гүнд эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна.
Энэхүү ажиллагаа нь нуурт техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлог болохыг ОБЕГ мэдээллээ.