
Энэ зуны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2026 оны зургаадугаар сарын эхний арав хоногт нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу үнэлгээтэй байна.
Долоодугаар сард агаарын температур нийт нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1–3.4°С-аар дулаан, хур тунадас нийт нутгийн 50 орчим хувьд олон жилийн дунджийн орчим болон түүнээс ахиу байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таатай нөлөөлсөн байна. Иймд ургамлын ургалтын байдал аажмаар сайжирч, наймдугаар сарын дунд арав хоногт нийт нутгийн 60 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй болсон байна.
Харин наймдугаар сарын сүүлчээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байсан аж.
Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумын зарим хэсгээр ургалт муу байжээ. Харин Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт нутаг, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг үнэлгээтэй байсан аж.
Энэ зун манай орны ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим болон түүнээс ахиу орсон бол агаарын температур олон жилийн дунджаас 1.1–3.8°С-аар дулаан байжээ. Цаг агаарын эдгээр нөхцөл нь бэлчээрийн ургамлын ургалтанд таатай нөлөөлж, ихэнх нутгаар зуншлага хэвийн, мөн газар тариалангийн бүс нутгаар таримал ургамлын ургалт, хөгжил сайн байсан гэдгийг УЦАОШГ-аас мэдээллээ.