
Египетийн Дахла дахь Бир-аль-Шагала хэмээх археологийн дурсгалаас Ромын эзэнт гүрний үед буюу III–IV зууны заагт хамаарах, ойролцоогоор 1700 жилийн настай пирамид хэлбэрийн булш илрүүлсэн юм.
Египетийн археологийн багийн малтлагаар булшны хананд бэхэлсэн чулуун хавтангаас эртний грек хэлээр бичсэн 19 мөрт гашуудлын шүлэг олдсон байна. Шүлэг нь Писехтес хэмээх эрэгтэйд зориулсан бөгөөд судлаачдын урьдчилсан таамгаар тэрээр тухайн үед шүүгчээр ажиллаж байсан байж магадгүй аж. Түүнд зориулсан шүлэгт мэргэн ухаантай, сайхан сэтгэлтэй, “амьдралын зөвлөгч” хэмээн магтсан бөгөөд төгсгөлийн хэсэгт хүү Сарапион нь эцэгтээ хандан дурсгалын өргөлөө хүлээн авахыг хүссэн байна. Судлаачид уг бичээсийг тухайн үеийн Дахла дахь уран зохиол, хэл соёлын амьдралын ховор баримт хэмээн үзэж байгаа аж.
Булш нь эртний Египет, Грек, Ромын соёлын огтлолцлыг тод харуулсан архитектур, бичээсүүдээрээ мөн онцлогтой. Орц руу 14 шаттай чулуун шатаар буух бөгөөд үүдэнд далавчит нарны дүрс, хоёр кобра могой болон нас барагсдыг хамгаалах зориулалттай иероглифийн бичээсүүд сийлжээ.

Дотор талаас өргөлийн ширээ, ариусгалын сав, олон төрлийн ваар сав болон Ромын эзэн хаан Константиний дүрстэй зоос илэрсэн байна. Мөн үүдний дээд хэсгээс эртний Египетийн үхэгсдийн ертөнцийн тухай “Amduat” судрын долоо дахь цагийг дүрсэлсэн ховор зураг илэрчээ. Булш нь эхнэр, нөхөр хоёрыг оршуулах зориулалттай байсан бөгөөд хожим дахин ашиглагдсан байж болзошгүй судлаачид үзэж байна.