
Ираны ахлах улстөрч, парламентын гишүүн Эбрахим Азизи BBC-д өгсөн ярилцлагадаа Ормузын хоолойн хяналтыг “хэзээ ч” тавихгүй гэж мэдэгдлээ.
Тэрээр “Энэ бол бидний салшгүй эрх. Хэн нэвтрэхийг Иран шийднэ” хэмээгээд үүнийг хуульчлах хуулийн төсөл боловсруулж байгаагаа дурдсан байна. Түүний хэлснээр зэвсэгт хүчин уг хуулийг хэрэгжүүлэх аж.
Эдийн засгийн хувьд дэлхийд чухал нөлөөтэй энэ хоолой хаагдах эрсдэл нэмэгдэж байгаа нь богино хугацаанд шийдэгдэх асуудал биш гэдгийг харуулж байна.
Азизи Ормузын хоолойг “дайсны эсрэг ашиглах стратегийн нэг хэрэгсэл” гэж тодорхойлжээ. Техран одоо нефть, хий тээвэрлэдэг усан замыг хянах чадвараа зөвхөн хэлэлцээний хэрэгсэл төдийгүй урт хугацааны давуу тал гэж үзэж байна.
Техраны их сургуулийн судлаач Мохаммад Эслами “Дайны дараах Ираны гол зорилго нь тогтоон барих чадварыг сэргээх бөгөөд Ормузын хоолой үүнд чухал үүрэгтэй” гэж тайлбарласан байна.
Гэвч зарим хөрш орнууд үүнийг эсэргүүцэж байна. АНЭУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Анвар Гаргаш үүнийг “дайсагнасан дээрэм” гэж нэрлэж, дэлхийн бусад стратегийн бүсэд аюултай жишиг тогтооно гэж анхааруулжээ.
Азизи үүний хариуд АНУ-ыг “дэлхийн хамгийн том дээрэмчин” хэмээн шүүмжилсэн байна.
Ираны дотоодод ч санал зөрөлдөөн байгаа шинж ажиглагдаж буй. Гадаад хэргийн сайд Аббас Арагчи (Abbas Araghchi) хоолой “бүрэн нээлттэй” гэж мэдэгдсэний дараа шүүмжлэл дагуулжээ. Гэвч тэр зөвшөөрөгдсөн хөлгүүдэд л нээлттэй гэдгийг тодруулсан байна.
Дараагийн хэлэлцээ Исламабад хотод болох төлөвтэй байгаа ч Иран АНУ боомтуудын бүслэлтийг цуцлахгүй бол оролцохгүй гэж дотоодын хэвлэлүүд мэдээлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираныг энэ хоолойг нээхийг шаардсан бөгөөд биелүүлэхгүй бол “тамд амьдруулна” гэж анхааруулж байсан.
Харин Азизи “бид зөвхөн өөрсдийн эрхээ хамгаалж байна” гэж мэдэгдсэн юм.