
Олон улсын шүүх (ICJ) Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг геноцид үйлдсэн гэм буруутай гэж үзжээ.
Энэ нь олон улсын шүүхээс нэг улсыг геноцид үйлдсэн гэж тогтоосон анхны тохиолдол болж байна.
НҮБ-ын дээд шүүхийн ерөнхийлөгч Юүжи Ивасава Мьянмар улс Рохинжа хүн амын нэлээд хэсгийг “устгах зорилготой” байсан бөгөөд гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд “нотлох баримтыг их хэмжээгээр устгасан” гэж мэдэгдэв.
2017 онд цэргийн хүчээр явуулсан хэлмэгдүүлэлт, ажиллагааны үеэр мянга мянган Рохинжа хүн амиа алдаж, 700 000 гаруй хүн Буддын шашинтнууд зонхилдог, өмнө нь Бирм гэж нэрлэгддэг байсан Мьянмараас дүрвэхэд хүрсэн юм. Мьянмар улс өөрт нь тулгасан буруутгалыг няцааж, зэвсэгт бүлэглэлийн халдлагын хариуд цэргийн хүчнүүд ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байв.
Пүрэв гарагт шүүх хуралдааны үеэр “үзсэн нотлох баримтуудаас геноцид үйлдэх санаа зорилго байсан гэх дүгнэлт л үндэслэлтэйгээр гарч болох юм” гэж шүүх тогтоожээ. Шүүхийн бүрэлдэхүүн дэлхийн улс орнуудаас томилогдсон шүүгчдийн ес нь зургаагийн эсрэг саналтайгаар уг шийдвэрийг гаргасан байна. Мөн 1948 оны Геноцидын конвенцийн хэд хэдэн заалтыг Мьянмар улс зөрчсөн гэж олонхийн саналаар тогтоожээ.
Гамби улсын гаргасан нэхэмжлэл нь Ракхайн мужид 2017 онд эхлүүлсэн “цэвэрлэгээний ажиллагаа” хэмээн нэрлэгддэг үйл ажиллагаанд төвлөрсөн юм. Тус мужид Рохинжа мусульман шашинт цөөнхийн олонх нь амьдарч байжээ.
Аракан Рохинжа аврах армийн (ARSA) дайчид тус мужийн 30 гаруй цагдаагийн пост руу үхлийн аюултай халдлага үйлдсэний дараа Мьянмарын цэргүүд орон нутгийн Буддын шашинтнуудын бүлэглэлийн дэмжлэгтэйгээр хүчирхийллийн давалгааг эхлүүлж, Рохинжа хүмүүс олноороо дүрвэхэд хүргэсэн байна.
Дүрвэгсэд бүхэл бүтэн тосгод шатаасан, энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн тухай ярьж байсан бол олон амьд үлдсэн хүн, гэрч Мьянмарын арми Рохинжа эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлж, зүй бусаар харьцсан талаар мэдүүлэг өгчээ.
Олон улсын шүүхийн тогтоосноор “цэвэрлэгээний ажиллагаа”-ны үеэр ойролцоогоор 10 000 Рохинжа хүн “хүчирхийллийн улмаас амиа алдсан” бөгөөд 700 000 гаруй хүн Бангладеш руу хуурай газраар болон далайгаар дүрвэсэн гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлтээр нийт 815 000 орчим хүн ямар нэг хэлбэрээр халдлагад өртжээ.
Ивасавагийн хэлснээр, Мьянмарын арми ялгаварлан гадуурхалгүйгээр хөнөөх ажиллагаа явуулж, эрэгтэйчүүдийг цаазлан хороосон, “өргөн хүрээтэй” бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдүүдийн эсрэг “хэт харгис хүчирхийлэл” хэрэглэн Рохинжа хүмүүсийн гэрийг зориудаар шатаасан байна.
Мөн арми Бангладеш руу дүрвэж буй Рохинжа хүмүүс рүү халдсан гэж мэдэгджээ.
Мьянмар улс нотлох баримтыг шатаах, цогцсуудыг устгах, цэвэрлэгээ хийсэн газруудыг шатааж, бульдозероор тэгшлэх, хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийг яллахгүй байх зэргээр “нотлох баримтыг их хэмжээгээр устгасан” гэж Ивасава нэмж хэлэв.
Олон улсын шүүх Аракан Рохинжа аврах арми (ARSA)-ийн оролцоог хүлээн зөвшөөрсөн ч Рохинжа хүмүүсийг “хүнээс дор” болон “хүчирхийллийн аюул занал” хэмээн дүрсэлсэн Рохинжагийн эсрэг үзэн ядалт, суртал ухуулгын кампанит ажил болон хүн амын эсрэг хүчирхийлэл үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн “цэвэрлэгээний ажиллагаа”-ны хооронд “давхцал” байсныг тогтоожээ.
Мьянмар улс Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэдгийг тууштай няцаасаар ирсэн бөгөөд ARSA-гийн халдлагын хариуд зэвсэгт бүлэглэл, босогчдын аюул заналыг таслан зогсоох зорилгоор ажиллагаа явуулсан гэж мэдэгдэж байв.
Олон улсын шүүх мөн “цэвэрлэгээний ажиллагаа”-наас өмнөх Рохинжа хүмүүсийн эсрэг чиглэсэн өргөн хүрээний бодлого, үйл ажиллагааг авч үзжээ. Тухайлбал, гэрлэсэн хосуудыг хоёр хүүхэдтэй байхыг хязгаарласан бодлого нь ялгаварлан гадуурхсан бөгөөд тэдний эрхийг доройтуулах зорилготой байсан гэж тогтоосон байна.
Мьянмар улс нөхөн төлбөр төлөх үүрэгтэй гэж шүүх үзсэн ч яг хэдий хэмжээний төлбөр төлөхийг хожим тогтоож болно гэж мэдэгджээ.