
"Милан -Кортина 2026" өвлийн олимпын наадмын медалийн эзэд тодорсоор байна. Наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр уран гулгалтын багийн тэмцээн өндөрлөлөө. Мөн биатлон, гүйлтийн цана, тэшүүр, сноубордын эхний төрлүүд болж олимпын аваргууд тодорлоо. Эхний хоёр өдрийн дараах байдлаар Норвег, АНУ, Итали, Японы баг тамирчид мeдалийн тоогоор тэргүүлж эхэллээ.
УРАН ГУЛГАЛТЫН БАГИЙН АВАРГААР АНУ-ЫН БАГ ТОДОРЛОО
Олимпын наадмын нээлтийн өмнө уран гулгалтын багийн төрөл эхэлсэн. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийг Илья Малинин тэргүүлж багтаа 10 оноо авснаар АНУ-ын баг олимпын аварга боллоо. Ази тивийн төлөөлөл Японы шигшээ баг мөнгөн медаль дээр буусан. Наадмыг зохион байгуулагч Италийн баг гуравдугаар байр эзэллээ.
Багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөс гадна бүжгийн болон спорт хос багтдаг. ОХУ энэ удаа багийн төрөлд оролцоогүй. Төвийг сахисан статустай оролцож байгаа ОХУ-ын уран гулгагчид ганцаарчилсан төрөлд өрсөлдөнө.

БИАТЛОН, ГҮЙЛТИЙН ЦАНЫН ЭХНИЙ МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
Олимпын наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийг нэг болох биатлон, гүйлтийн цанын эхний медальтнууд тодорлоо. Кортина хотод болж биатлоны тэмцээн холимог буухиа уралдаанаар эхэлсэн. Францын биатлоны шигшээ баг холимог буухиа төрөлд олимпын аварга боллоо. Наадмыг зохион байгуулагч Италийн баг мөнгөн медаль хүртлээ. Харин Германы баг хүрэл медалийг эзэлж Норвегийн биатлоны баг дөрөвдүгээр байрт орсон.
Тeсeро хотод олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээн болж байна. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн скиатлон (10 км сонгодог+ 10км чөлөөт тэшилт) төрлөөр манай тамирчдын уралдаан эхэллээ. Б.Ачбадрах 75 тамирчнаас 55-р байрт орлоо. Энэ жил 31 настай түүний хувьд гурав дахь олимпын наадамд уралдаж түүхэн амжилт бичлээ.
Скиатлонд Норвегийн алдарт Йоханнес Хөсфлот Клебо түрүүлж, Францын Матис Дисложе, Норвегийн Мартин Ньенгет нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Төвийг сахисан статустай оролцож байгаа ОХУ-ын цаначин Савелий Коростелёв дөрөвдүгээр байрт орлоо.
Гүйлтийн цанын тэмцээн маргааш ойрын зайн уралдаанаар үргэлжилнэ.

БАГИЙН ДҮНГЭЭР НОРВЕГ, АНУ, ИТАЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Олимпын хоёр өдрийн дараах байдлаар биатлон, уран гулгалт, тэшүүр, сноуборд, уулын цана, гүйлтийн цана зэрэг төрлүүдэд эхний медальтнууд тодорлоо. Багийн дүнгээр Норвеги гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай тэргүүлж эхэлсэн бол АНУ хоёр алтан медальтай удаалж байна. Наадмыг зохион байгуулагч италичууд нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медальтай жагсаалтын гуравт орж ирлээ. Япон, Австри, Герман, Чeх, Франц, Швед, Швейцарийн баг нэг алтан медальтайгаар эхний 10-т багтсан. 93 орноос 15 орон ямар нэгэн медаль хүртээд байна. Ази тивээс БНСУ нэг мөнгө, БНХАУ нэг хүрэл медальтайгаар жагсаалтад багтаж эхэллээ.
