
Европын Холбоо TikTok платформын For You хуудсыг ажиллуулдаг алгоритмыг өөрчлөхийг үүрэг болгож, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд их хэмжээний торгууль ногдуулна хэмээн анхаарууллаа.
Баасан гарагт Брюссель тус платформыг хэрэглэгчдийн өмнө нь үзсэн, таалагдсан бичлэгтэй төстэй контентыг дахин дахин санал болгож, улмаар “хортой, гарахад бэрх контентын мухардал” үүсгэж байна хэмээн буруутгаж, ЕХ-ны Дижитал үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Үүнд хэрэглэгчдэд сэтгэлзүйн таагүй байдал үүсгэж болзошгүй бичлэгүүд ч багтаж байгаа аж. “Хэрэглэгч TikTok дээр бичлэг бүрийг гүйлгэж үзэх эсвэл таалагдлаа илэрхийлэх бүрд алгоритм нь түүнтэй төстэй контентыг улам олноор санал болгодог. Ингэснээр хэрэглэгчид амархан гарч чадахгүй контентын мухардалд орж байна” гэж технологийн бүрэн эрхт байдлыг хариуцсан Европын комиссын дэд ерөнхийлөгч Хенна Вирккунен мэдэгдэлдээ дурджээ.
“Өнөөдөр танилцуулсан урьдчилсан дүгнэлтээс харахад TikTok хэрэглэгчдийнхээ, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийн сайн сайхан байдлыг хамгаалахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж тэрбээр хэлсэн байна. ЕХ-ны үзэж буйгаар энэхүү алгоритм хэрэглэгчдийг “гуниг, ганцаардал, биеийн галбиртай холбоотой” контентын нөлөөнд автуулдаг аж.
TikTok комиссоос онцолсон эрсдэлийг бууруулахын тулд зарим өөрчлөлт хийсэн ч эдгээр арга хэмжээ хангалтгүй байгааг ЕХ мэдэгджээ. Харин TikTok ЕХ-ны дүгнэлтийг “манай платформын бүтэц, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах амлалтыг гуйвуулсан” гэж няцаав. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, TikTok “хэрэглэгчдэд контентын хэрэглээгээ шууд, ойлгомжтой байдлаар хянах боломж олгохын зэрэгцээ нийгэмлэгээ хамгаалж ирсэн арвин туршлагатай” ажээ.
Хэрэв платформ энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол Хятадын эзэмшилд байдаг тус компанид ногдуулах торгууль нь орлогынх нь зургаан хувь хүртэл өсөх боломжтой гэж зохицуулагчид мэдэгдсэн байна. Европын комисс эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө компани өөрийн байр суурийг илэрхийлэх боломжтой.
Франц, Испани, Англи зэрэг улсуудад сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь насанд хүрээгүй хүүхдүүдийг олон нийтийн сүлжээн дэх мөлжлөг, кибер дээрэлхэлт, сэтгэцийн эрүүл мэндийн доройтол, хооллолтын эмгэгээс хамгаалахад чиглэж байна. Хэд хэдэн улс 15-аас доош насны хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хоригложээ.