
Швейцарын цанын баазын Кранс-Монтана хотод Шинэ жилийн үдэш гарсан баарны түймэрт амиа алдсан 40 хүний цогцсыг цагдаа нар бүрэн тогтоосон байна. Амиа алдагсад 14–39 насныхан бөгөөд тэдний 15 нь 18 нас хүрээгүй байжээ. Хамгийн залуу нь 14 настай Швейцар охин, мөн 14 настай Франц хүү байсан байна. Хохирогчдын дунд Швейцар, Итали, Румын, Турк, Португал, Франц, Бельгийн иргэдээс гадна Их Британи, Франц, Израилын иргэншилтэй хүмүүс багтжээ. Нийт 40 хүн нас барснаас гадна 119 хүн шархдаж, ихэнх нь хүнд зэргийн түлэгдэлттэй байна. Тэдний зургаагийнх нь түлэгдэлт маш хүнд тул одоог хүртэл хэн болохыг нь тогтоогоогүй байгаа аж.
Le Constellation нэртэй уг баарыг ажиллуулж байсан Франц хосын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Урьдчилсан мөрдөн шалгалтаар бааранд зөөж явсан оргилуун дарсны лонхонд бэхэлсэн оч цацруулагч (sparklers) нь таазанд хэт ойр байсан нь түймрийн гол шалтгаан байж болзошгүй гэж үзжээ.
Оргилуун дарсны лонхонд бэхэлсэн оч цацруулагчийг харуулсан зурагЦагдаагийнхан хохирогчдын ар гэрийнхнийг хүндэтгэх үүднээс тогтоосон хүмүүсийн талаар цаашид дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэж мэдэгдсэн байна.
Le Constellation бааранд согтууруулах ундаа уухыг 16 наснаас эхлэн зөвшөөрсөн байдаг учир хотдоо залуусын дунд ихээхэн алдартай газар байжээ. Хэвлэл мэдээллээр Жак болон Жессика Морэтти хэмээн нэрлэгдсэн, баарыг эзэмшдэг Франц хосыг Валэ мужийн прокурорын газраас хайхрамжгүйгээс хүний амь нас хохироосон, хайхрамжгүйгээр хүний биед гэмтэл учруулсан, хайхрамжгүйгээр гал түймэр гаргасан хэрэгт сэжиглэн шалгаж байна.
Валэ мужийн ерөнхий прокурор Беатрис Пиллууд мэдэгдэлдээ мөрдөн байцаагчид баарны таазанд байсан дуу тусгаарлагч хөөс “асуудлын шалтгаан болсон эсэх”, мөн “дүрэм журамд нийцэж байсан эсэх”-ийг шалгаж байгаа гэжээ.