“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам долоо өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Италид болж олимпын наадмын хаалтын арга хэмжээ ирэх ням гарагт буюу хоёрдугаар сарын 22-д Верона хотын олимпын цэнгэлдэхэд болно.
Олимпын наадмыг Норвеги улсын баг 11 алт, 4 мөнгө, 7 хүрэл, нийт 22 медальтайгаар тэргүүлсэн хэвээр байна. Норвегийн тамирчдаас уламжлалт гүйлтийн цана, уулын цана, биатлоны төрлөөс нийт 11 алтан медалийг авсан нь зохион байгуулагч Италийн багаас даруй 5 алтаар илүү байгаа юм. Жагсаалтыг Италийн баг 6 алт, 3 мөнгө, 10 хүрэл медальтайгаар удаалж эхэлсэн. АНУ, Шведийн баг 5 алт, Франц, Австри, Герман, Нидерландын баг 4 алттай болсон бол Япон, Австралийн баг 3 алттай жагсаалтын 10-11-р байрт бичигдэж байна. Медаль хүртсэн орны тоонд Казахстан улсын баг нэг алтан медальтайгаар орж ирлээ. Мөн Норвегийн уулын цаначинг эх орныхоо нэрийн өмнөөс оролцуулах болсон Бразил улс анх удаа өвлийн олимпоос алтан медаль хүртэж БНСУ-ын ард 16-р байрт жагсаж эхэллээ. 93 орон 25 орон ямар нэгэн медаль хүртээд байна.

КАЗАХСТАНЫ УРАН ГУЛГАГЧ ДУУЛИАН ТАРИВ
Олимпын наадмын уран гулгалтын багийн төрөл наадмын өмнө эхэлж, медальтнууд тодорсон. АНУ-ын баг алтан медаль хүртэхэд орос гаралтай АНУ-ын тамирчин Илья Малининий авсан оноо нөлөөлсөн билээ. Багийн төрлийн дараа түүнийг ганцаарчилсан төрөлд олимпын аварга болсон гэж таамагласан. Энэ таамаглалыг Илья Малининийг богино үзүүлбэрт харуулж хамгийн өндөр оноог авч тэргүүлсэн билээ. Гэвч чөлөөт үзүүлбэрийн үр дүн өөрөөр эргэж, Малинин алдаатай гулгалж хийж наймдугаар байрт орсон нь нэгэн дуулиан болсон. Тэгвэл богино үзүүлбэрт тавдугаар байрт бичигдсэн Казахстаны Михаил Шайдоров чөлөөт үзүүлбэрт ямар ч алдаагүй гулгаж, хамгийн өндөр оноог авснаар олимпын аварга болсон юм. Харин олимпын мөнгөн медальт Японы Юма Кагияма болон 22 настай Сато мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн таамгийг чимээгүйхэн Миланд ирсэн Михаил Шайдоров эвдлээ. 2025 оны ДАШТ-ий мөнгөн медальт Михаил Шайдоров 21 насандаа олимпын аварга хэмээх алдрыг хүртлээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр хоёрдугаар сарын 17-д болж, чөлөөт үзүүлбэр хоёрдугаар сарын 19-д болсноор медальтнууд тодорно.

БРАЗИЛААС ӨВЛИЙН ОЛИМПЫН АНХНЫ МЕДАЛЬТАН ТОДОРЛОО
Уулын цанын G-slalom төрөлд Бразил улсын тамирчин Лукас Пиньеро Бротен оролцлоо. Гэхдээ төр өмнө нь Норвеги улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог байсан юм. Норвеги аав, бразил ээжтэй Лукас Осло хотод төржээ. Норвегийн нэрийн өмнөөс 2018-2023 онд оролцож байсан Лукас 2024 оноос эхлэн Бразил улсын нэр дээр тэмцээн уралдаанд оролцох болсон. Уулын цанын G-slalom буюу том туг сүлжих энэ төрөлдөө Лукас гарамгай. Тэрээр уулын цаныг багаасаа эзэмшиж сурчээ. Тиймээс тэр Норвегийн багт багтаж дэлхийн цом болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөр амжилт үзүүлдэг байсан. Харин спортоос хэсэг хугацаанд завсарласаны дараа ээжийнхээ төрсөн нутаг болох Бразил улсын нэрийн өмнөөс 2024 оноос эхлэн оролцохоор болжээ.
G-slalom төрөлд алтан медаль авсан Бразил улсын тамирчин Лукасийн амжилт Өмнөд Америк тивээс өвлийн олимпын анхны алтан медаль болж, түүхэнд бичигдлээ.

МОНГОЛЫН ТАМИРЧИН УУЛЫН ЦАНААР ӨНӨӨДӨР ӨРСӨЛДӨНӨ
Монголын гүйлтийн цанын тамирчдын тэмцээн өндөрлөсөн ч өнөөдөр уулын цанын тамирчин А.Ариунбат уралдаантай. Энэ нь өвлийн олимпын түүхэнд Монголын багийн анхдагч амжилт болж байна. Гүйлтийн цанын хоёр тамирчны араас Монголын багт уулын цанын нэг эрх нэмэгдсэн билээ. Энэ эрхийг 21 настай А.Ариунбат уулын цанын туг сүлжих төрөлд авсан. Тэрээр дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Мөн БНСУ-ын мэргэжилтэн Чан Ин Субийн удирдлага дор сүүлийн таван жил ажиллажээ.
Монголын өсвөрийн уулын цаначдаас “Ганвон 2024” залуучуудын өвлийн олимпын наадамд хоёр тамирчин /М.Манлайжав, Х.Халиунаа/ оролцож байсан. Тэгвэл энэ амжилт “Харбин 2025” Азийн өвлийн спортын наадамд үргэлжилж, уулын цаначдын тоо эрс нэмэгдсэн. Өнөөдөр монголчууд анх удаа өвлийн олимпын түүхэнд уулын цанын тамирчин А.Ариунбатын уралдааныг харах юм. Тэрээр “Милан Кортина 2026”-д өрсөлдөх эрхийг 2025 оны арваннэгдүгээр сард биелүүлсэн.
Цанын гэр бүлд өссөн А.Ариунбат таван настайгаасаа цанаар гулгаж эхэлжээ. Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх болсон тэрээр 2023 онд АНУ-д болсон тэмцээнд оролцож байжээ. 2025 онд БНХАУ-ын Харбинд болсон Азийн наадамд уралдсан А.Ариунбат 2026 онд өвлийн олимпын наадамд оролцсон Монголын анхны уулын цаначин боллоо.
