
Ази тивийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадам эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Токио хотод наадмын гал асаах анхны ёслол наймдугаар сарын 18-нд болж, бамбарын буухиа аялал эхэллээ.
Ёслолын үеэр Японы гүйлтийн тамирчин Ёшихидэ Кирюү 1958 оны Токиогийн Азийн наадамд ашиглагдсан бэлгэдлийн галаас бамбарыг асаасан байна. Бамбарын дараагийн гал асаах ёслол өнөөдөр Хирошимагийн Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болно. 1994 оны Азийн зуны спортын наадам Хирошима хотод зохион байгуулагдаж байсан түүхтэй юм.
Бамбарын буухианы анхны өртөөлөгч нь чөлөөт бөхийн олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшида байх аж.
Бамбар Айчи мужийн 40 хот, суурин болон Нагояа хотын дүүргүүдээр аялж, нийт 1000 орчим бамбарчин оролцохоор төлөвлөгджээ. Мөн сургуулиудыг хамарсан тусгай буухиа ирэх есдүгээр сард 14 сургуульд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөнийг Азийн олимпын зөвлөлөөс мэдэгдлээ.
Япон улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958” “Хирошима -1994” онд тус наадмыг хүлээн авч байв. 20 дахь удаагийн Азийн наадам “Imagine One Asia” уриан дор 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Айчи муж болон Нагояа хотод болно.
Хөтөлбөрийн хамгийн сүүлийн батлагдсан мэдээллээр тус наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15,000 тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөнө гэж зохион байгуулах хорооноос мэдэгдлээ.
