
Ховд аймгийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Энэ тухай Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Мөнх-Оргил ОБЕГ-аас зарласан хэвлэлийн хурлын үеэр "Баян-Өлгий аймагт малын гоц халдварт өвчин гарсан байсан. Өнөөдөр Ховд аймгийн Булган сумын нутагт малын гоц халдварт өвчин шинээр бүртгэгдсэн байна" гэж мэдээллээ.
Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр "SAT-1" төрлийн өвчин болох нь батлагджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хурлаас шаардлагатай арга хэмжээг авч одоогийн байдлаар долоон өрхийн 32 үхэр өвчилсөн болохыг тогтоосон аж.
"SAT-1" төрлийн өвчинд вакцин байхгүй. Зөвхөн Турк улсаас авдаг байна. Агаар дусал, машин техник, хүн, зэрлэг амьтнаар дамжиж халдварладаг хүнд төрлийн шүлхий өвчин юм. Өвчилсөн малыг хотоор нь устгалд оруулах заавартай.
Булган суманд 9, Эрдэнэбүрэн сумын Хашаатад нэг пост гарч, зорчих хөдөлгөөнүүд хаагдаж байгаа гэв.