
“Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам Улаанбаатар хотноо энэ дүгээр сарын 24–29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Монголын урлагийн зөвлөлөөс 2018 онд санаачлан эхлүүлсэн тус наадам нь орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан соёлын олон төрөлт байдлыг дэмжих, уран бүтээлчдийн бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой платформ юм.
Өнгөрсөн жилүүдэд АНУ, Канад, Австрали, Герман, Нидерланд, БНСУ зэрэг орны нэр хүндтэй хамтлаг, уран бүтээлчид оролцож, 400 гаруй бүжигчид, 15 000 гаруй үзэгчдийг хамруулсан байна.
Энэ удаагийн наадам нь уран бүтээлчид, бүжиг дэглээчдийн урт хугацааны хамтын ажиллагааг дэмжих, мэргэжлийн солилцоог нэмэгдүүлэх, бүжгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Наадмын хөтөлбөрийг өргөжүүлж, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн уран бүтээлчдийг урьж оролцуулж буйгаараа онцлог юм.