
БНХАУ-ын Нинбо хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 99 орны баг тамирчид оролцож буй тус тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор дөрвөн тамирчин оролцож байна. Манай тамирчдаас өчигдөр эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Б.Хонгорзул өрсөлдөж, 31-р байрт орлоо. Тэрээр огцомоор 93 кг, түлхэлтээр 121 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 214 кг-ыг өргөжээ. Энэ жинд нийт 48 тамирчин өрсөлдсөн бөгөөд Хойд Солонгосын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн байна.
Манай тамирчдаас баасан гарагт эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Л.Болортуяа өрсөлдөнө. Харин тэмцээний сүүлийн өдөр буюу бямба гарагт эмэгтэйчүүдийн +86 кг-д ОУХМ Б.Энхжин, +86 кг-д спортын мастер Г.Чинболор нар оролцоно.
“Нинбо-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хойд Солонгосын баг 20 алт, найман мөнгө, зургаан хүрэл медаль, нийт 37 медальтайгаар тэргүүлж байгаа бол БНХАУ найман алт, найман мөнгө, зургаан хүрэл медальтай удаалж байна. Харин Колумб, Египетийн баг нэг алтан медаль хүртсэн бол АНУ, Турк, Тайвань, Индонез, Украйны багууд мөнгөн медалийн тоогоор 5-9-р байрт бичигдэж байна. Өнөөдрийн байдлаар 13 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Ташрамд дуулгахад, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Л.Одгэрэл тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.