
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог хэлэлцлээ. Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил тойрч байгаа. Мөн УИХ-ын Тамгын газрын даргаар томилогдсон Л.Өлзийсайханы оронд Цэцийн гишүүнийг нөхөн томилоогүй байгаа юм. УИХ-ын дарга С.Бямбацогт ажлаа авсан даруйдаа “Үндсэн хуулийн Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүний орон гарсан. Судалж байгаад ойрын үед Цэцийн гишүүний томилгоог УИХ-д оруулж ирэхээр ажиллаж байгаа” хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнийхээ дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлжээ. УИХ-ын дарга С.Бямбацогт тэднийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулан хэлэлцүүллээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.