
Атлантын далайг дамнасан, бараг дөрвөн зуун жил үргэлжилсэн боолын худалдааны нөхөн төлбөр олгох кампанит ажлыг тэргүүлж буй Гана улс уг санаачилгыг барууны орнууд идэвхтэй дэмжиж эхэлж байна гэж мэдэгдэв.
Кампанит ажлын эхний шатанд дээрэмдэн авч явсан урлагийн бүтээл, түүхэн эд өлгийн зүйлсийг буцаан олгоход анхаарч байгаа гэж Гадаад хэргийн сайд Самюэл Окудзето Аблаква НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд Гана, Герман, Франц хамтран зохион байгуулсан нөхөн сэргээх шударга ёсны асуудлаарх арга хэмжээний үеэр хэлжээ.
Зургадугаар сард Гана улсад болсон бага хурлаар Африкийн холбоо болон Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн Нөхөн сэргээх шударга ёсны комисс 19 зүйл бүхий төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөний дараагийн шатанд албан ёсны уучлал хүсэх, өрийн дарамтыг бууруулах, санхүүгийн нөхөн төлбөр олгох зэрэг асуудал багтжээ.
НҮБ гуравдугаар сард Атлантын далай дамнасан боолчлолыг “хүн төрөлхтний эсрэг үйлдэгдсэн хамгийн ноцтой гэмт хэрэг” хэмээн хүлээн зөвшөөрсөн тогтоол баталсан. Санал хураалтаар 123 улс дэмжиж, АНУ, Израил, Аргентин гэсэн гурван улс эсэргүүцсэн байна. Европын холбооны гишүүн орнууд болон Их Британи зэрэг бусад 52 улс түдгэлзсэн санал өгчээ.
Түүнээс хойш “Санал хураалтын үеэр түдгэлзсэн санал өгсөн Европын бараг бүх улс бидэнтэй холбогдож, энэ үйл явцад хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн” гэж Аблаква хэлжээ.
Их Британи болон Португал улс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бол АНУ санаачилгатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Франц, Герман болон Нидерланд улс түүхэн эд өлгийн зүйлсийг буцаан өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Атлантын далай дамнасан боолын худалдааны мэдээллийн сангийн тооцоогоор, XVI-XIX зууны хооронд Африкийн 12.5 сая орчим хүнийг боол болгон Атлантын далайгаар тээвэрлэжээ. Тэднийг Өмнөд Америк, Карибын тэнгис болон Хойд Америкт аваачиж, тариалангийн талбай болон уурхайд албадан хөдөлмөр эрхлүүлж байв.
Энэхүү боолын худалдаа асар их баялаг бий болгож, барууны гүрнүүдийн хөгжилд түлхэц өгсөн боловч Африк болон боолчлогдсон хүмүүсийн нийгэм, эдийн засагт өнөөг хүртэл үргэлжилсэн хохирол учруулсан юм.
Атлантын далайг гатлан боолчлогдсон африкчуудыг тээвэрлэсэн нийт тохиолдлын 70 гаруй хувийг Португал болон Их Британи хариуцаж байсан гэж тус мэдээллийн санд дурджээ.