
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 112 орчим сая ам.долларын хөрөнгөөр үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри нар усны хавхлагыг нээж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
Энэ үйлдвэр нийслэлийн ус хангамжийн хамгийн том эх үүсвэр бөгөөд хотын цэвэр усны нэг жилийн хэрэглээтэй дүйх хэмжээний усыг цэвэршүүлэх юм.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри
Юуны өмнө Компакт гэрээг баталж, бүтээн байгуулалтыг эхнээс нь тууштай дэмжсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газар, нийслэл хот, холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Нийслэлчүүд найдвартай ус хангамжтай болж үйлдвэрлэл хөгжих, Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар сайжрах нэг баталгаа бий боллоо. Манай хоёр улс хөгжлийн хамтын ажиллагаанаас бодит үр дүн рүү, бүтээн байгуулалтаас ашиглалт руу, хамтран бүтээн байгуулагчаас эдийн засгийн өсөлтийн түнш болох шинэ шат руу шилжиж байна. Компакт хөтөлбөр нь бидний хамтын түншлэл, эдийн засгийн боломж, өсөлтийн төлөөх нийтлэг зорилгын бэлгэ тэмдэг болон үлдэхийг хүсэн ерөөе”.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Туркийн “МАПА Иншаат ве Тижарет”, Израилын “Баран групп лимитед” компани ажиллаж, АНУ-ын “Тетра Тех” компани хяналт тавьжээ.
Үйлдвэрийн барилга, байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын “АЭКОМ”, үндэсний “Престиж инженеринг” компани боловсруулсан байна.
Мянганы сорилтын II Компакт гэрээний дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн.
Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.
Энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлдэг.
Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж байна.
Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг юм.