
Шри Ланкийн Яла үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүчтэй ган гачигт нэрвэгдэж, усны нөөц нь эрс багассантай холбоотойгоор жуулчдыг хамгийн их очдог усан сан болон бусад ачаалал ихтэй хэсгүүдэд нэвтрүүлэхийг хориглолоо.
Олон сарын турш бороо ороогүйн улмаас ан амьтад халууны хүчтэй стрессэд орж байгаа учраас тэдэнд усанд саадгүй хүрэх боломж олгох шаардлагатай болсон гэж цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага мэдэгджээ.
58 настай байгаль хамгаалагч Сүжэева Нишанта “Бид ан амьтдыг нэн тэргүүнд тавих ёстой. Халууны стрессэд орсон амьтад усанд хялбар хүрэх шаардлагатай. Харин жуулчид тэдэнд саад болж болзошгүй тул хаалт хийх нь зайлшгүй шаардлагатай” гэжээ.
Түүний ажлын нэг хэсэг нь шороон замаар явж буй усны машинуудыг хянах бөгөөд тус дархан цаазат газрын цөөрөм, усан сангуудыг усаар дүүргэх ажлыг зохицуулдаг байна.
Эдгээр усны эх үүсвэрт толбот буга, зэрлэг усны одос үхэр, саарал лангур сармагчин, мөн Яла үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай ирвэсүүд ус уухаар ирдэг ажээ.
Хамгийн их жуулчин очдог хэсгүүдийг нэг сарын хугацаанд хаах нь тус улсын аялал жуулчлалын оргил улирал эхлэхийн өмнө эдийн засгийн хувьд хүнд шийдвэр болж магадгүй юм.
Аялал жуулчлал нь Шри Ланкийн хувьд гадаад валютын чухал эх үүсвэрийн нэг билээ.
Гэсэн ч тус улс сүүлийн бараг арван жилийн хамгийн хүчтэй хуурайшилттай нүүр тулж байгаа тул эрх баригчид арлын олон бүс нутагт усны менежментийн онцгой арга хэмжээ авч эхэлжээ.
Эль Ниньогийн нөлөө улам хүндрэх төлөвтэй байна
Шри Ланкийн Цаг уурын албаны мэдээлснээр тус улс Эль Ниньо цаг уурын үзэгдэлтэй холбоотой есөн сарын мөчлөгийн эхэн үед байна.
Урьдчилсан төлөвөөр Арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл хур тунадас эрчимжих; Үүний дараа хоёрдугаар сараас эхлэн дахин хүчтэй ган гачиг нүүрлэх төлөвтэй байна.
Дэлхийн цаг уурын байгууллага өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтээрээ Эль Ниньогийн хамгийн хүчтэй үеүүдийн нэгтэй нүүр тулж болзошгүйг анхааруулжээ.
Эль Ниньо нь Номхон далайн зүүн хэсгийн далайн гадаргын усны температур үе үе нэмэгддэг байгалийн үзэгдэл юм. Эль нино дэлхийн олон бүс нутагт цаг агаарын эрс тэс үзэгдэл гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шри Ланкийн Засгийн газрын үзэж буйгаар Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн тус арал улс Эль Ниньогийн нөлөөг бусад бүс нутгаас эрт, илүү хүчтэй мэдрэх магадлалтай байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Эль Ниньо нь өөрөө чулуужсан түлшнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой үзэгдэл биш боловч далайн усны температур нэмэгдэх нь түүний нөлөөг эрчимжүүлэх боломжтой юм.
Шри Ланкийн олон арван мянган иргэн аль хэдийн яаралтай нийлүүлж буй ундны уснаас хамааралтай болсон байна.
Мөн жижиг хэмжээний өрхийн фермерүүд хүнсний ногоо тариалах, мал сүргээ өсгөхөд хүндрэлтэй тулгараад байгаа ажээ. Яла үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага цахим хуудсандаа жийпээр зорчдог олон жуулчныг дахин бүрэн хэмжээгээр хүлээн авах боломжтой болохыг хамгийн их хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Гэвч тэд “Энэ хэзээ болох нь ихээхэн хэмжээгээр цаг агаарын нөхцөлөөс шалтгаална. Харин одоохондоо Ялад байгаль дэлхий өөрөөс нь шаардаж буй амрах хугацааг нь олгох хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.